ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол түмний хайртай аварга

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-01

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өчигдөр болсон билээ. Тэрбээр хэдий өнөөдөр /өчигдөр/ зодог тайлж байгаа боловч сүмогийн түүхэнд хийх ёстойгоо хийсэн хүмүүсийн нэг гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

2009 оны тавдугаар сарын башод Хакүхо М.Даваажаргалтай нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. 24 настай байхдаа Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртэж байв. Мөн 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долдугаар, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм. Гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон билээ. Мөн 2016 оны шилдэг сумоч болж, Японы спортын өдөр тутмын хэвлэл болох “Хойчи Шимбү” сониныхон түүнийг 2016 онд болсон бүх башёд тогтмол өндөр амжилт үзүүлсэн хэмээн үнэлж энэхүү шагналыг хүртээж байсан аж.

Тиймээс тэр хийх ёстойгоо хийсэн учир харамсах зүйлгүй сүмогийн дэвжээнээс бууж байна. Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгдсэнээс хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол-2” сургуулийг Яармагт барьж байгуулан, энэ оны есдүгээр сарын 01-нд нээлээ. Мөн зураг зурах авьяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэн хүртэл гаргаж байсан юм. Одоо өөрийнхөө энэхүү авьяасыг хөгжүүлээд цааш явахад алдах зүйл юу байх билээ. Дөнгөж 33 насыг шүргэж яваа та амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай амьдарч байна. Сүмогийн дэвжээнээс буусан хэдий ч хүмүүсийн сэтгэлд үргэлж хүндлэгдэж байх болно. Учир нь та бол Монгол түмний хайртай аварга шүү дээ.