ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв банкны “түлхүүрч”

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-03

Улсын эдийн засаг унасан хүнд үед төв банкныхаа түлхүүрийг хэнд атгуулах нь олон нийтийн анхаарлын төвд байсан асуудал билээ. Харин  өмнө нь гурвантаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан Н.Баяртсайханыг томилсон юм. Өөр үгээр хэлбэл, боловсролын хувьд эдийн засгийн ухааны доктор, ажлын туршлагын хувьд эдийн засагч, улс төрч хүнийг сонгосон гэсэн үг л дээ.

Түүний хувьд УИХ-д удаа дараа сонгогдохдоо, Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж, Улсын төсөв, Мөнгөний бодлогоор санал санаачлага гаргаж, хүчтэй дуугардаг нэгэн байсан юм. Тэр ч утгаараа түүнийг улсын эдийн засаг унаад хасах хувь руу орчихсон байсан хүнд үед албан тушаал, эрх ямба өгсөн гэхээсээ илүүтэй ачааны хүндийг үүрүүлж, албан үүрэг даалгавар өгсөн хэрэг. Тэрбээр ирсэн салбартаа зоримог алхмуудыг шуурхай авч хэрэгжүүлсний дүнд эдийн засаг тогтворжиж, өсөлт эрчимжиж эхэлсэн юм. Монгол банкнаас бодлогын хүүг шат дараатай бууруулж ирсний хүчинд эдүгээ сүүлийн есөн жил дэх хамгийн бага түвшинд буюу 10 хувьтай байна. Мөнгөний бодлого зөөлрөхийн хэрээр зээлийн хүү буурч, зээл олголт нэмэгдэж байгаа аж. Зээлийн жилийн өсөлт 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Бидний хамгийн ихээр ярьдаг инфляцийн төвшин ч зорилтдоо буюу 8 хувийн орчимдоо тогтвортой байгаа нь эерэг мэдээ юм. Эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 6.3 хувьтай гарсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өөр нэг үр дүнг энд өгүүлэхэд гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрчээ. Энэ мэт олон олон эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн тул түүнийг өдрийн хүнээр онцолж байна. Цаашид одоо хүрээд байгаа үр дүнгээ баталгаажуулж, эдийн засгийн өсөлт, сэргэлтийг тогтвортой байлгах, ард иргэдийн амжиргаанд энэхүү өсөлтийг бодитойгоор тусгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах нь түүний зорилт бизээ.