Энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2025 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр байгуулж, Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Булангийн орнууд төдийгүй Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, мөн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг ихэсгэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын логистикийн асуудлыг хөнгөвчлөх, экспортыг илүү тогтмол болгоход эдийн засгийн чухал ач холбогдолтой хэлэлцээр юм.
Түүнчлэн Элчин сайд П.Сэргэлэн бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах саналыг кувейтийн талд тавиад буйг мэдээлж, хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан дээд, өндөр түвшинд айлчлал зохион байгуулж, энэ үеэр 10 гаруй баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж буй бөгөөд Элчин сайдын хувьд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачих энэхүү хэлэлцээрийг эцэслэн байгуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан Кувейт Улсын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.