ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Зоригоо: Өөрийн гэсэн брэнд тавилгын үйлдвэртэй болох зорилготой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-16

Энэ удаагийн “Хөлсний амт” буландаа “Увс нуур” тавилгын үйлдвэрийн захирал Б.Зоригоог урьж ярилцлаа. Тэрбээр эдүгээ хувийн бизнес тэр дундаа тавилгын үйлдвэрийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, захиалагчийг олсон нэгэн. Харин энэ амжилтад хүртлээ олон зүйл туршиж, унаж, босохын гашуун амтыг чамлахааргүй мэдэрсэн гэдэг. Гэсэн ч, хөдөлмөрч, дайчин чанар, гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ тус дэмээр аливаа бэрхшээлийг даван туулж чадсан хэмээн бахархан ярьж байлаа. Өөрийн эхлүүлсэн бизнесийнхээ үр шимийг хүртэж, олон хүний ажил, амьдралыг залгуулж яваа залуусын нэгэн төлөөлөл болох түүний ярилцлагыг хүргэж байна.

-Тавилгын үйлдвэрээ “Увс нуур” гэж нэрлэжээ. Нэр нь их содон юм. Энэ хэний өгсөн нэр вэ?
-Аавын минь өгсөн нэр. Нутаг усныхаа нэрээр нэрлэсэн учир ихэд бэлэгшээж,”- бас баярлаж явдаг. Тэр хэрээр нэр хүнд, чанарыг эрхэмлэдэг. Нутгийнхан ирж их үйлчлүүлдэг. Автобусны цонхоор харлаа гээд л гүйгээд ирдэг юм.

-Үйлдвэрээ хэдэн онд байгуулсан бэ?
-2013 онд байгуулсан. Түүнээс хойш тавилга үйлдвэрийн салбарт зүтгэж байна.

-Тавилгын салбарт хэн дуртай нь хөл тавьдаггүй байх. Гарын ур дүй, мэдрэмж их шаарддаг. Бүх л зүйл хувьсан өөрчлөгдөж байхад түүнтэй хөл нийлүүлж алхах мэдрэмж чухал байх?
-Тийм ээ. Би өөрөө уран дархан, бас зураач мэргэжилтэй. Урлахуй ухаан ардын урлалын сургуулийн анхны төгсөгч. Дархан хүн долоон мэргэжилтэй байх ёстой гэдэг. Зураач, сийлбэрч, барималч, хатгамалч, оёдолчин гэх мэтээр нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, гар урлалаар хийдэг бүхий л зүйлийг хийж чаддаг байх ёстой. Тэгж байж уран дархан гэж нэрлэгдэх учиртай юм. Олон мундаг багшаар хичээл заалгаж явсан болохоор гарын ур дүй, мэдрэмжтэй байхаас гадна, шинэлэг, загварлаг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хичээдэг.

-Аливаа зүйлийг эхлүүлж бас өргөжүүлж ажиллана гэдэг асар их тэвчээр шаарддаг шүү дээ?
-Бизнес эрхэлж байгаа хүмүүс бүгд л унаж, босч байж тогтдог. Ер нь ажилдаа дуртай хүн л амжилт гаргадаг юм билээ. Түүнээс гадна хамт олон чухал. Цалингаа голоод ажил хийдэггүй хүмүүс байна. Цалин нэмэхийг байнга шаардаж байна. Ажиллах хүчин олдохгүй юм. Зарим залуус үнэхээр залхуу байна. Зүгээр сууж байгаад мөнгө авчих санаатай. Тухайлбал, барилгын туслах өдрийн 50 мянган төгрөг, хоёр хоолтой. Тэгэхэд өдрийн тал ажиллах уу үгүй юу зугтчихдаг тохиолдол байна. Хэн хэндээ дэм болоод ажиллаад амьдраад явбал юу байх вэ дээ. Хамтын хөдөлмөр, хамтын итгэлцэл их чухал. Эцэг, эхээс би гурвуулаа. Нэг эгч, нэг дүүтэй. Аав, ээж минь их тус болдог. Энэ хоёр минь үгүй бол би энэ дайны явах уу гэдэг нь эргэлзээтэй. Арын минь бүхий л ажлыг зохицуулж өгч байна даа. Гэр бүлийн бизнес хэлбэрээр ажиллуулж, өнөө хэр нь зүтгэж байна. Гэр бүлийн хүн маань хүртэл бизнесийн ажилд татагдан орсон. Бүгд хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаад зүтгэж байна. Болохгүй, бүтэхгүй зүйл гаргавал аав, ээжээсээ хааяа нэг банга хүртчихнэ. Хэр баргийн хүнд тохиогоод байдаггүй их хувь зохиолоор амьдарч байна, би. Манай аав, ээж хоёр 100 айлдаа загалмайлсан эцэг нь. Манайхаар орж ирсэн хүн бүхэн манай хоёрыг “маам” гэж дууддаг. Хоол унд хийсэн үед гадна, дотно гэхгүй хуваагаад иддэг. Ер нь бол манайх олны хөлд дарагдаж байдаг газар. Хүн хүнээрээ байхын сайхан нь энэ байх.

-Увсынхан их хөдөлмөрч хүмүүс байдаг?
-Хөдөлмөрч гэж хэлж болно. Аль болох зүгээр суухгүйг хичээдэг. Мөн бие биедээ туслахыг боддог. Ядруухан яваа нэгнээ өргөж, дэмжихийг л хичээдэг. Энэ зан чанар Увсынхан гэлтгүй монголчуудад байдаг шүү дээ.

-Хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ширээ, стенк, гал тогоо, ор, оффисын тавилга гэх мэт зүйлийг үйлдвэрлэж байгаа. Тухайлбал, ДСП хавтангаар хийж болдог бүх зүйлийг л эх орондоо үйлдвэрлэж байна.

-Гол захиалагчид нь хэн байх вэ. Орчин үед гэр болон байгууллагынхаа тавилгыг комоор захиалгаар хийлгэдэг болжээ?
-Баяр ёслолын үеэр ачаалал ихтэй байдаг. Тухайлбал, цагаан сар, наадмын үеэр захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг. Бусад үед байнгын ажиллагаатай байх бий. Манай гол худалдан авагч ихэвчлэн залуу гэр бүл байдаг. Тэд хямд хэрнээ чанартай бүтээгдэхүүнийг илүү сонирхдог. Манай зүгээс залуу гэр бүл болон залуу хүмүүсийг их дэмждэг. Залуу хүмүүс гэрийнхээ тавилгыг комоор нь захиалж хийлгэвэл гутлын тавиур гэх мэт дагалдах бүтээгдэхүүнийг нь урамшуулалд өгдөг байгаа. Манайхаас айхтар хатуу үнийн дүн барьдаггүй. Аль, аль талдаа сэтгэл ханамж, үйлчилгээний чанарыг илүү үздэг.

-Гэрийн ком тавилга дундажаар хэд болох вэ?
-Хоёр өрөө байрны ком тавилга 2-3 сая орчим төгрөгт гарна. Эдэлгээний хувьд бусад тавилгатай адилхан. Захиалгыг ажлын гурван хоногт гаргадаг. Аль болох богино хугацаанд хурдан шуурхай чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг.

-Аливаа бизнес эрхлэхэд бойжилтын хугацаа гэж байдаг. Харин тавилгын салбарт ямар байх вэ?
-Тавилгын салбарт дундаж үнэтэй бүтээгдэхүүнээр хийж байгаа болохоор өсч, дэвжээд айхтар томорсон зүйлгүй. Мэдээж үйлдвэрийнхээ хүчин чадлыг өргөжүүлье гэвэл хөрөнгө мөнгө л шаардлагатай.

-Жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамарагдаж байв уу?
-Үгүй. Зээлд хамрагдая гэхээр заавал барьцаа хөрөнгө шаарддаг. Төрөөс тавих шаардлагыг давдаггүй. Түүнээс зээлд хамрагдаж, үйлчилгээгээ өргөжүүлэх хүсэл хүн бүхэнд бий. Төсөл зарлагдаад очиход аль хэзээний эзнээ олсон байх жишээтэй. Бид тэрбум, тэрбум төгрөгөөр зээл авахгүй шүү дээ. Дээд тал нь 200 сая төгрөг шаардлагатай. Ийм хэмжээний зээлийг авч чадвал өөрийн гэсэн үйлдвэртэй болох зорилгоо биелүүлэх юм. Одоо бол банкны өндөр хүүтэй зээл авч, бизнесээ үргэлжлүүлж байна.

-Одоо хэдүүлээ ажиллаж байна вэ?
-Манайд 10 гаруй хүн ажилладаг. Миний ард өчнөөн хүний аж амьдрал байгаа шүү гэж бодоод л зүтгэдэг. Манайхны цалин 600-гаас нэг сая төгрөг байдаг. Аль болох бүгдийнх аж амьдралд анхаараад, амьжиргааг дээшлүүлэхэд их анхаарч байна.

-Таныг ажлынхаа хүмүүсээс энэ сард гэртээ ямар шинэ зүйл нэмсэн бэ гэж их асуудаг гэх юм?
-Тийм ээ. Энэ сар гэртээ юу авсан бэ гэж байнга асуудаг. Гэтэл авсан нь тун ховор байна. Манайд таван жил тасралтгүй ажиллаж байгаа хүн бий. Энэ хугацаанд 50 гаруй сая төгрөг олсон байгаа юм. Тэгээд чамд юу үлдэв, юу бүтээв гэж асуудаг. Сар бүр нэг шинэ зүйл гэртээ ав. Хөргөгч, зурагт гээд цахилгаан хэрэгслээ нэг, нэгээр цуглуул гэж хэлдэг. Хүн ингэж, цуглуулж, хуримтлуулж байж гэр орныхоо хэрэгцээг хангана шүү дээ. Мэдээж бөөнд нь нэг өдөр шууд худалдаад авах боломж нь хязгаарлагдмал учир ингэж л амьдардаг. Би ч гэсэн өнөөг хүртэл ийм зарчмаар ажиллаж амьдарч ирсэн.

-Хэтийн зорилго юу вэ?
-Өөрийн гэсэн нэрийн брэнд тавилгын үйлдвэртэй болох зорилготой. Хүмүүсийнхээ амьжиргаанд нийцсэн хямд, чанартай бүтээгдэхүүн гаргахыг илүү үздэг. Энэ л зорилгынхоо төлөө өнөө хөдөлмөрлөж, зүтгэж явна даа.

Хаяг: 100 айл Улсын бүртгэлийн ерөнхий газрын замын эсрэг талд
Холбоо барих: 99098826, 95952626, 91917860