ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй

O.Admin
4 цагийн өмнө

Угаарын хийн улмаас амиа алдсан хүмүүсийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулж, өөрийнхаа албан бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Тэрбээр, нийт 32 гишүүний гарын үсэг цуглуулахын тулд нэр бүхий гишүүд рүү утасдаж гарын үсэг цуглуулна гэдгээ хэлсэн.

Тэгвэл энэхүү албан бичгийг улс төрийн шал өөр зорилготой гэж үзсэн гишүүд гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдэж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ар гэрээ алдсан нийт хүмүүстээ гүн эмгэнэл илэрхийлье.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцэж, эх орондоо авлигаас учирсан 2,200,000,000,000 төгрөгийг, түүн дундаа гадаад руу гаргасан 12,200,000 ам.долларыг эх орондоо буцаан авч ирсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ. 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой. Ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй сайд нар байгаа юу гэвэл байгаа гэж хэлнэ. Танхимынхаа эсрэг санал өгч байгаа, бодлогоо ойлгоогүй, хариуцлагаас зугтаж яваа нөхөд ч бий. Угаарын асуудал дээр холбогдох албан тушаалтнууд бий. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэгт санал нийлнэ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн агаарын бохирдлын Ерөнхий хяналтын сонсгол дээр тодорхой хэлсэн. Хяналтын түр хороо байгуулагдаж нийтээрээ бид шалгах, хянах, хариуцлага тооцох ажлыг хийх ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс хүлээх ёстой.

Бид хоорондын хуваагдал талцлаас болж өнгөрсөн 34 жилийг алдсан. Өнөөгийн эрчим хүч, цалин тэтгэвэр, боловсрол эрүүл мэндийн хүртээмжийн дутагдал бүгд хуваагдал, хийрхэл, өш хонзонгоос шалтгаалалтай. Хохирогч нь үүнийг эхлүүлсэн улстөрчид биш дандаа ард түмэн байдаг. 14 мега төслийг Хамтарсан Засгийн газар байгуулж явуулж эхэлсэн. Алт, Зэс, Гангийн цогцолбор үйлдвэрүүд ядаж л ажлын байр бий болгоно, эдийн засгийн өсөлтийг бий болгоно.

Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулаан, цахилгааны станц босож байж бид эрчим хүчний дутагдлаас сална. Гадагшаа урсаж байгаа энэ их вальютыг хэмнэнэ. Хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболт нь гадаад худалдааны эргэлт, экспортыг нэмэгдүүлнэ.

Бидэнд өнөөдөр эдийн засгаа тэлж илүү боломжийг эх орондоо бий болгох цаг үе тохиож байгаа. Энэ боломжоо бид хийрхэл, улстөрчид, олигархуудын гарын үзүүрт алдаж болохгүй. Бид алдсаар ирсэн тэр гашуун амтыг дахин амсах ёсгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 10000 ам.доллар давуулахын тулд, өнөөгийн энэ ядруу амьдралаас нийтээрээ салахын тулд, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд бид хичээх ёстой. Би Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй" хэмээлээ.