Агаарын бохирдлыг бууруулах “Шуурхай хуралдаан”-ы үеэр АН-ын дарга Лу.Гантөмөрөөс mass.mn сайт мэдээлэл авчээ.
Лу.Гантөмөр сайд энэхүү ярилцлагын үеэр “Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд “Шуурхай штаб” байгуулаад өнөөдөр тавдахь удаа харагдаж байна. Таван удаагийн хурлын дараа уялдаа холбоо бий боллоо. Хэн нь юугаа хариуцаж, ямар ажлаа шийдэж явахаа эцэслэж чадлаа. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хотын утааг бууруулах, түгжрэлийг бууруулах гэж хамтарсан Засгийн газар байгуулагдсан.
Зун болохоор утаа, түгжрэлээ мартаад өвөл сэрдэг байж болохгүй. Үүнийг ул суурьтай шийдэх гэж хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Бид дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө ард гарах учиртай. Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг гэрээг АН-ын улс төрийн зөвлөл болоод УИХ дахь бүлгээр дэмжүүлж байгуулаад, мөрийн хөтөлбөрөө батлуулсан. Засгийн газар салж сарнилаа гэхэд эхлээд мөрийн хөтөлбөрөө дүгнэнэ. Энэ гэрээ биелээгүй гэвэл дараа нь асуудал ярьж болно.
Ч.Лодойсамбуу гишүүний тухайд сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж байна. АН засаг төрөөс зугтах, ажлаас холдох, ажлын ачааллаас холдох эрмэлзэл байхгүй. Нийгмийг цочроосон дуулианаар Засгийн газрыг огцруулах гэж хөдөлдөг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд энэ бүхнээс болж төрийн тогтворгүй байдал үүсч байсан. АН-ын Улс төрийн зөвлөл хурлаа хийгээд энэ жилийн төлөвлөгөөгөө батлуулчихсан. АН Засгийн газрыг огцруулж болохгүй, бат бөх байдлаа хангах ёстой гэж шийдсэн. Тэр хүн өмнө надтай хамтарч байсан эсэх нь хамаагүй. Намын бүлгийн дүрэм, хамтарсан Засгийн гэрээ гэж нэг юм бий. АН-д намын даргыг тойрсон бүлэглэл гэж байхгүй. Ч.Лодойсамбуу гишүүн сэтгэл хөөрлөөр асуудалд хандаж, улс орныг хөгжүүлэх боломжийг алдах вий гэсэн зовнил байна.
Мега төслийг хөдөлгөхгүй хэчнээн Засгийн газрыг унагасан билээ. Хэрэгжүүлэх гэхээр л гацаадаг, унагадаг. Тэгэхээр энэ зүй тогтлоос салах ёстой. Нөгөө талдаа утаа, түгжрэлээ шийдэхгүй байгаа учраас иргэд бухимдаж байна. Тодорхой ажлаа хийх гэж байхад улстөржүүлмээргүй байна. Зорьсон зорилгоо хэрэгжүүлмээр байна. АН-ын гишүүн Ж.Баярмаагийн тухайд удаа дараа Засгийн газрыг шүүмжилж байгаа. Улс төрийн зөвлөлийн хурлаа хийж, гишүүдийн хариуцлагын асуудлыг хөндөнө. Хамтарч байгаа нь буруу гэж шүүмжилдэг. Хамтарч байгаа бол олонхийн шийдвэрээ дагах ёстой шүү дээ. АН-аас олон зүйл нэхэж, хөгжүүлээд өгөөч гэж хүсэж байгаа учраас илүү сахилга баттай байж, цаашдаа улсын хөгжлийн төлөө явна" гэлээ.