ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даацтай дарга

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-04

Баянгол дүүргийн бүх байгууллагын ариун цэврийн өрөө үнэгүй боллоо гэх баярт мэдээлэл өнөөдөр цахим орчноор түгж, гадуур явахдаа өдөр бүр тулгардаг асуудал шийдэгдэх болсонд хэн хүнгүй битүүхэн баярлаж байна. Мөнгөгүй бол өмдөндөө, эсвэл гудамжинд гэсэн хоёрхон сонголт иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг нь нууц биш. Тэгвэл энэ асуудлыг Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа халж, иргэдийг нийгмийн амьдралд тав тухтай, соёлтой  оролцох нөхцлийг бүрдүүлсэн шийдвэрийг гаргасан нь энэ юм.

Түүний энэ шийдвэр хэдийгээр сонсоход том асуудал биш юм шиг боловч иргэдийн амьдралд хамгийн ойр, соёлтой боловсон амьдрахад тулгардаг захын асуудал мөн. Байгууллагууд ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй боловч бодит байдал дээр тийм байдаггүйг хэн хүнгүй мэднэ. Хүүхдээ дагуулаад гадуур явж байгаа иргэн яарсан үед ороод бие засуулчих газар олддоггүй. Байлаа гэхэд төлбөртэй. Ийм нөхцөл байдалд иргэд нийслэл хотод соёлтой боловсон амьдарна гэдэг бас л өрөөсгөл асуудал. С.Одонтуяа дарга улс төржиж, амьдралаас тасарсан том юм ярьсангүй. Дүүргийнхээ иргэдийн амьдралд тулгамдсан захын асуудлаас эхлэн цэгцэлж байгааг нь үнэлүүштэй. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн түүний гаргасан шийдвэр, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нь иргэдийн амьдралд ойрхон бөгөөд байгаа оносон оновчтой гэмээр шийдлүүд юм шиг санагдана.

Тэрбээр энэ оны гуравдугаар сард дүүргийнхээ нутаг дэвсгэрээр стандартын шаардлага хангаагүй буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг зорчихыг хориглосон. Утааны асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байгаа өнөө үед энэ мөн л энгийн хэрнээ нүдээ олсон зөв шийдвэр байлаа. Тэрбээр амьдралаас хол элдэв зүйл ярилгүй асуудлыг хамгийн энгийнээс, иргэдийн бодит аж байдлаас харж, аливаад ханддаг. Энэ чанарыг нь бусад шат шатны дарга нар суралцаад авбал хэчнээн сайхан. Амьдралд ойрхон шийдвэр гаргадаг шигээ түүнийхээ хэрэгжилтийг ч мөн ойрхоноос хянаад явбал, С.Одонтуяа даацтай дарга мөн.