ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Эрдэнэбилэг: Байгаль орчны эсрэг гэмт хэрэг 82.2 хувиар өссөн

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-16

ХЗДХЯ, БОАЖЯ, ЦЕГ хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт аяныг өчигдрөөс ирэх сарын 05-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг жилд дундажаар хэд орчим гарч байгаа вэ?
-Сүүлийн таван жилийн статистик мэдээнээс үзэхэд цагдаагийн байгууллагад жилд дундажаар 22-30 орчим мянган энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн онд хүрээлэн буй орчны эсрэг 82.2 хувиар өсч 330 гэмт хэрэгт гарсан. Уг хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж зохих хариуцлагыг хүлээлгэсэн. Харин 2018 он гарснаас хойш 113 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 45.1 хувиар өсөөд байна. Гэмт хэргээр нь ангилаад үзвэл хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 50 хувь, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг 53.9 хувиар тус тус өссөн.

-Энэ төрлийн гэмт хэрэг огцом өссөн шалтгааныг юунаас болсон гэж үзэж байгаа вэ?
-Гэмт хэргийн гаралт өссөн шалтгаан нь шинээр батлагдан гарсан хуулийг нэг мөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Цагдаагийн байгууллага хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийн хүрээнд УИХ, Засгийн газар, яам, агентлагаас байгаль орчин хамгаалах чиглэлээр гаргасан хууль тогтоомж, журам зааврын хэрэгжилтийг хангах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсантай холбоотой маш олон зөрчлийг илрүүлсэн.

-Нийслэлийн ногоон орчинг нэмэгдүүлэхээр уулнаас залуу мод авчирч суулгаж байна. Энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа юу?
-Нийслэлийн ногоон орчин нэмэгдүүлэхээр уулнаас залуу моддыг авчирж байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол мэдээлэл иргэдээс ирээгүй. Уг үйл ажиллагааг тодорхой хэмжээнд судалж үзэхэд эрх бүхий байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу компаниуд энэ ажлыг зохион байгуулж байгаа нь тогтоогдсон.

-Уулнаас залуу модыг огтолж авчирч байна. Байгууллагууд хатаж үхэх гэж байсан модыг авчирч суулгаад аварч бай­гаа гэдэг мэдэгдэл хийж байгаа. Газар дээр нь очоод шалгаж үзэхэд ямар нэгэн зөрчил илэрсэн үү?
-Шалгахад ямар нэгэн асуудал, зөрчил илрээгүй.

-Туул голын эрэг дагуу барилга барьж байгаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгадаг уу?
-Уг асуудлыг төрийн тусгай хамгаалалттай газрын мэр­гэжилтнүүд харьяаллын да­гуу шалгадаг. Бид туул го­лын дагуу барилга барьж буй байгууллага очиж тод­руу­лах ажлыг хийсэн. Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэг­дүгээр хэлтэст иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгах ажил явагдаж байна.