ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэхийг үүрэг болгов

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр (2025.02.23) Дархан-Уул аймгийн төрийн албаныхантай уулзлаа. Аймгийн удирдлагууд нийгэм эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадварын статистик, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хэрхэн ажиллаж буйгаа танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Зөвшөөрлийн хууль давсан журмуудыг цуцлах чиглэл өгсөн. Ингэснээр өнөөдрийн байдлаар 50 гаруй журам цуцлагдаж, иргэд 200 хоногт авдаг байсан зөвшөөрлийг цөөн хоногт эсвэл цахимаар, шат дамжлага багатайгаар авах боломж бүрдэж байна.

Зөвшөөрлийг зөв болгох ажил ингээд зогсохгүй, шат дараатай үргэлжилнэ. Дархан-Уул аймаг руу шилжин ирэх иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, 2024 онд гэхэд 8000 гаруй иргэд шилжиж ирсэн байна. Тиймээс та бүхэн иргэндээ ээлтэй, эдийн засаг нь тэлсэн аймаг болгохын төлөө ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хүнд сурталгүй хүргэхэд анхаарч ажиллахыг чиглэл болгож байна" гэлээ.