ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөхөд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ

O.Admin
1 өдрийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн сайд, Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа. 

Лу.Гантөмөр сайд өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон чиглэлээр хамтран ажиллаж, эдийн засгийн хүндрэлийн үед ойрын түнш байж, Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллах талаар санал солилцлоо. Мөн түншлэлийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийг эргэн сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Цаашид хөгжлийн санхүүжилтийн хүрээнд ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад хамтран ажиллах талаар санал солилцсон аж.

Мөн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Япон, Монголын хамтарсан Коосен технологийн коллежийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүсчээ.