Цахилгааны үнийн нэмэгдлийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үнэ тариф үндэслэлгүй нэмэгдсэн эсэх асуудлаар холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсчээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрчим хүчний тарифыг нэмсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос тарифыг дунджаар 30 орчим хувиар нэмэгдсэн гэж мэдэгдэж байсан. Гэтэл халаалтаа цахилгаанаар шийдвэрлэсэн айл өрхүүдийн цахилгааны хэрэглээ нь өмнөх жилийнхээс нэг дахин нэмэгдлээ гэсэн бухимдалтай байгаа. Иргэд олон нийттэй харилцах 11:11 төвд 390 орчим иргэний гомдол ирсэн байна. Эдгээр гомдол санал гаргасан иргэдтэй нэгбүрчлэн уулзаж, танилцаад өнөөдөр энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар 1 кВт эрчим хүчний өөрийнх нь өртөг 280 төгрөг байсан. Хэрэглэгч бүр дээр өөр өөрөөр борлуулаад явж байхад дундаж тариф 216 төгрөг байсан. 216 төгрөгийг 285 болгоход дунджаар 30 орчим хувиар цахилгаан, эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Уул уурхайн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийнх 290 байж байгаад 314 төгрөг болж, 16 хувиар нэмэгдсэн. Аж ахуйн нэгжүүд 222 төгрөг байсныг 30 хувиар нэмж, 285 төгрөг болгосон.
Иргэдийг гурван шатлалтаар нэмсэн. Тодруулбал, цахилгаан хэрэглэж буй нийт өрхийн 45 хувь нь буюу 351.100 өрх айл 150 кВт.ц хэрэглээтэй. 140 төгрөгийг 175 төгрөг болгосон. Нийт өрхийн 40 хувь нь буюу 318.200 өрх айл 150-300 кВтв.ц хэрэглээтэйг 256 төгрөг болгосон. 15 хувь нь буюу 118.900 өрх айл 300 кВт.ц хэрэглээтэй байсныг 150 төгрөгөөс 285 болгож, 85 хувиар нэмсэн нь үнэн. Танилцуулга буруу өгснөөс ийм зүйл болсон. Ялгамжтай нэмснийг ойлгохгүйгээр дунджаар 30 хувиар нэмсэн гэж ойлгосон юм билээ” хэмээв.
Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос тарифын өөрчлөлтөө эргэж нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ. Ингэхдээ уул уурхайн салбарын болон ААН эрчим хүчний тарифыг одоогийн хэвээр үлдээж, ахуйн хэрэглэгчийн эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулах юм байна.
Өнөөдөр 280 Вт-д 700 кВт/цагийг хөнгөлж, үүнээс дээшхийг 50 хувь хөнгөлөлтөөр тооцож байсан. Тэгвэл шөнийн тарифын хөнгөлөлтийн кВт/цагийг 1500 болгон нэмэгдүүлж, 09.00 цаг хүртэл хөнгөлөх аж. 380 Вт-д хэрэглэдэг айл өрхийн шөнийн хэрэглээний 1500 кВт/цаг хүртэлхийг хөнгөлөлтөд хамруулаад, үүнээс дээшхийг 50 хувь хөнгөлөлтөд хамруулж байсан. Харин эрчим хүчний тарифын өөрчлөлтөөр кВт/цагийг уртасгаж, 3000 хүртэлхийг хөнгөлөлтөд хамруулахаар болжээ. Ингэснээр хамгийн дээд талдаа 30 хувийн нэмэгдэл л өрх айлд орж ирнэ гэсэн тооцоо гаргаад байгааг салбарын сайд дуулгалаа.
Ахуйн хэрэглээний эрчим хүчний тарифын шөнийн эрчим хүчний хэрэглээний хязгаарлалтыг оройн 21.00 цагаас өглөөний 06:00 цагт хүртэл байсныг 09.00 цаг хүртэл болгон уртасган тооцох юм. Ингэснээр хэрэглэгчдийн цахилгааны тариф багасна гэлээ. Хэрэглээний эрчим хүчний тарифын энэхүү өөрчлөлт 2, 3 дугаар сард мөрдөгдөх бөгөөд 2025 оны арваннэг, арванхоёрдугаар сард мөн мөрдөгдөх аж. Үүнд шаардагдах 43 тэрбумыг Эрчим хүчний сайдын багцаас зохицуулахаар шийдвэрлэжээ.