Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан чуулган завсарласан хугацаанд тойрогтоо ажиллаж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 5002 айлын Солонго-I, II хорооллын явцтай холбогдох сайд дарга нарын хамт танилцав. УИХ-ын хаврын чуулганы үеэр дээрх бүтээн байгуулалт баригдаж дууссаны дараа шилжин ирж, амьдрах иргэдийн хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хөндөж тавиарай хэмээн иргэдийн зүгээс тойргийнхоо гишүүнд уламжилж байлаа.
“Солонго-I” хорооллын сургууль, цэцэрлэг, орц гарц, замын асуудлаар Монгол Улсын засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьт хүсэлт тавин Ж.Алдаржавхлан гишүүн, холбогдох албаны хүмүүс барилгын талбай дээр ажилласан нь энэ юм.
Хорооны хэмжээнд 161, 163-р сургууль, 250, 290, 326 дугаар цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Солонго-I хороолол доторх 1250 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орсон ч гэсэн одоо 5300 өрхтэй хороон дээр 5000 айл шинээр суурьшихад энэ байгаа цэцэрлэг, сургууль маань хаанаа ч хүрэхгүй болох юм.
Сайхан мэдээ нь 1250 хүүхдийн суудалтай сургуулиас гадна 960 хүүхдийн сургууль нэмж барих газрыг, хорооллын 1-р давхаруудад цэцэрлэгийн байр гаргах, орц гарцны асуудлыг шийдвэрлэжээ.