ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуульзүйн яам ахмадуудадаа хүндэтгэл үзүүлэв

O.Admin
2 цагийн өмнө

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд ахмад зүтгэлтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар “Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлж, 2024 онд Шударга ёсны үзүүлэлтээр төрийн яам, агентлагуудаас тэргүүн байрт жагссан амжилтаа Та бүхэндээ дуулгахад таатай байна. Ирж буй Модон могой жилдээ эрүүл энх байж, ураг төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөл өргөе” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн ХЗДХЯ-ны Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Нямдаваа яамны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буйд нийт ахмадуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлээд ажлын амжилт хүссэн юм.

Хүндэтгэлийн уулзалтад мөн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа, Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган нар оролцов.