Түүнд том продакшн, олонд танигдсан жүжигчид, он удаан жил хуримтлуулсан туршлага үгүй. Гэхдээ сэтгэл, зүтгэл нэгдсэн нөхөд бий. Тэр бол “Бид хэд” нэгдлийн найруулагч Л.Дашдооров.
2014 онд мэргэжлээрээ өөр, өөр газарт ажилладаг зураглаач, эвлүүлэгч, сэтгүүлч, зургийн дарга, найруулагчаас бүрдсэн хэсэг залуус “Бид хэд” нэгдлээ үүсгэн байгуулж, чөлөөт цагаараа нэгдэн уран бүтээл туурвиж эхэлсэн гэдэг. Харин тэднийг нэгтгэгч, басхүү ахлагч нь Л.Дашдооров. Эдүгээ тэрбээр багийнхаа нэг гишүүний хамт чансаагаараа Берлин, Венецийн кино наадмуудтай дүйх 71 дэх удаагийн Каннын кино наадмын дэлгэцнээ бүтээлээ толилуулж, монгол киночдынхоо ур чадварыг сурталчилж явна.
Тухайлбал, “Бид хэд” нэгдлийн залуусын “Хөхөө” кино тус наадмын Бэсрэг кино буланд оролцож байгаа юм.
Кино өнгөрөгч гуравдугаар сард “Filmapalooza 2018” олон улсын кино наадамд амжилттай өрсөлдөн “ШИЛДЭГ ГРАФИК” номинацийн эзэн болж, Каннын кино наадамд оролцох эрхээ “халаасалж” байсан удаатай. Үүнээс гадна 13 дахь удаагийн “Mobile Film Festival”-д 50 орны 1800 гаруй уран бүтээлтэй өрсөлдөн шилдэг 50-д багтаж, “Шүүгчдийн нэрэмжит”, “Хамгийн олон хандалт авсан” гэх хоёр номинацийн эзэн болсон билээ.
Энэ бол Л.Дашдооров ахлагчтай “Бид хэд” нэгдлийн залуусын зөвхөн энэ жил гаргасан амжилт. Цаашдаа ч тэд уран бүтээлийн олз омог ихтэй байж, Каннын кино наадамд өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй. Эхний алхмаа хийчихлээ, тэд. Харин хоёр дахь алхам нь илүү өндөрт хүргэх болтугай.