Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай албан ёсны уулзалт хийх үеэрээ хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахаа илэрхийлж,
-Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх
-Эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх
-Шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны парк хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян хоёр улсын ард иргэдэд ашиг, тустай байх бүхий л санал санаачилгад ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрш орны хувьд эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ. Энэ талаар Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр өөрийн цахим хуудсандаа "Эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна. Дэлхийн эдийн засгийн тоглоомын дүрэм ойлгомжгүй болж байгаа өнөө үед Монголчууд бид тодорхой саналтай, шийдэлтэй байх хэрэгтэй тухай өмнө нь хэвлэлийнхэнд хэлж байсан билээ.
Тэгвэл БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай хийсэн албан ёсны уулзалтын үеэр хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахыг илэрхийлж, гурван чиглэлээр хамтран ажиллах тодорхой саналуудыг дэвшүүллээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян эдгээр саналыг бүрэн дэмжиж, хоёр улсын ард иргэдэд ашиг тустай байх бүхий л санал санаачлагуудад ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрш орны хувьд эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ" хэмээжээ.