УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа.
Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүдийн асуултад хариулав. Улмаар, асуулт хариулт явагдаж дууссанаар санал хураалт явагдав. Чуулганы хуралдаанд орсон нийт гишүүдийн 98 нь дэмжсэнээр тус хэлэлцээрийг соёрхон баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн байр суурийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Төмөр замын өртөг 270 сая байсныг 50 сая ам.доллароор бууруулсан гэх мэт давуу тал байна. Гэхдээ бусад байнгын хорооны хуралд сууж мэдээлэл авч, протоколыг нь олж харж чадсангүй. Сайны хажуугаар бас саар зүйл байна. УИХ-аас өгсөн үндсэн чиглэлд 12 зүйл байгаа. 12 дугаар зүйлд сэргээгдэх эрчим хүчний асуудал тусчээ. Энэ ямар байдлаар явах вэ. Говийг усжуулах, шар шороон шуургатай тэмцэх гэсэн хэсгийг олж харсангүй.10, 10 саяар нүүрсээ нэмэгдүүлэх юм байна. Дараагийн боомтуудын хил холболт хэдийгээр гэж хэлэлцээрт тусгасан бэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүдээс хойшхи хоёрдахь боомт нь Гашуунсухайт. Дараагийнх нь Шивээхүрэн. Хэлэлцээрүүд явагдана. ТЭЗҮ хийгдэнэ. Хоорондох зай богино учраас магадгүй ажил эхэлчихвэл Шивээхүрэн хамгийн эхэнд ч орж магадгүй. Гуравдахь боомт Бичигт. Зүүн коридор зам, тэр тусмаа далайтай холбогдох гарц учраас энд маш их анхаарч байгаа. Дараагийнх нь Хангимандал. Төмөр зам баригдчихсан. Хэлэлцээр дэс дарааллын дагуу явах юм билээ. Говийг усжуулах асуудал яригдсан. Хэлэлцээрт тусгагдсан эсэхийг Ц.Туваан сайд ярина. Гол яригдсан 3-4 зүйлийн нэг нь говийг усжуулах, шар шороон шуургатай тэмцэх асуудал. Сэргээгдэх эрчим хүчний экспортын асуудал мөн яригдсан.
Өмнийн говийн бүсийнхэнд маш их талархаж байгаа. Тэнд маш их баялаг байгаа. Маргаантай олон асуудал байгаа ч гэсэн Баялгийн сангийн тухай хуулийн дагуу баялгаа ашиглуулж байгаа аймаг, орон нутаг түрүүлж хөгжих ёстой. Энэ зарчмаар хамтарч ажиллаад явна аа. Говийн бүс нутгийнхан илүү хурдтай хөгжиж байгаа ч амьдралын чанар буюу ус, экологийн асуудалд онцгой анхаарах болно.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: Төслийг дэмжиж байгаа. Ихэнх нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжинэ. Стандарт, норм дүрмээ хангаж байгаа юу. Зураг төсөл эцсийн байдлаар бэлэн болсон уу. Бүтээн байгуулалт хавар эхлэхэд саатах зүйл байхгүй биз дээ. Эрдэнэс Тавантолгой 900 гаруй тэрбумын санхүүжилт гаргах юм билээ. Энэ санхүүжилт бэлэн байгаа юу.Мөн өнөөдрийг хүртэл тэнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, хөрөнгө санхүүгээ зарж хөгжүүлсэн нүүрс тээврийн жолооч, машин тэрэгний асуудлыг хэрхэх вэ. Мөн урт хугацаандаа БНХАУ-тай харилцах харилцаанд, өргөн агуулгаараа ямар ач холбогдол өгч байгаа бол
Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Хэлэлцээр байгуулснаар нүүрс борлуулах, экспорт нэмэгдэх, бага өртгөөр уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргах гэх мэт үр дүнг тоочоод байвал дуусахгүй. Шууд бус маш олон дам ашигтай үр дүн гарч ирнэ. Дараагийн боомтуудын асуудал нааштай яригдаж байна. Монголчууд “Салхин доорх хүнтэйгээ муудаж болдоггүй” гэдэг. Бид гэрээ хэлэлцээрээ амжилттай хийж чадсанаар өмнө нь яригдаад гацаад байсан, бидэнд итгэхгүй байсан төслүүд хэрэгжээд явах нааштай үр дүн харагдаж байна. Харилцаа нэлээд сайжирсан, хоёр талын эрх ашгаа хангахуйц байдлаар хандаж буй нь Ерөнхий сайдын дөрвөн уулзалт, бусад яам тамгын газрын уулзалтуудын үед ч яригдсан.
Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Хил дамнасан гүүрэн байгууламжийн 2023 оны есдүгээр сард хийгдээд дууссан. БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци” зургийг хийсэн. Монгол Улсад барилгын салбарын магадлалаар орчихсон. Ажил эхлэхэд бэлэн байгаа. Машины тээврийн асуудал мэдээж чухал. Нүүрсний тээврийг нуруундаа үүрч явсан энэ салбарыг хэвийн үргэлжлүүлж, бүх нөхцлөөр хангаж, гарц орцыг нэмэгдүүлэх талд анхаараад явна аа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бид хэнийг ч зөвтгөж, хэнийг ч буруутгахаас илүүтэй асуудлаа шийдэх нь Монгол Улсын эрх ашиг юм. Урт хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлэхийн төлөө явсан бүх хүнд баярлалаа. Бүх ажлын хэсгийн ахлагч нарт талархал илэрхийлье. Аюулгүйн зөвлөлөөр яригдах үед дэмжсэн Ерөнхийлөгч болон Аюулгүйн зөвлөлийн албан тушаалтнуудад талархлаа илэрхийлж буйг хүлээн авна уу. УИХ-аар хэлэлцэж байхад дэмжиж буй УИХ-ын дарга болон Байнгын хорооны дарга нарт, АН, МАН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд талархлаа илэрхийлье. Төслийг боловсруулахдаа бид 100 хувь эрх ашгаа тусгаж чадаагүй байж болох ч чадах бүх талаараа хичээлээ. Хамтарсан Засгийн газрын хамтдаа, хурдтай зориг гарган хөдөлгөх 14 мега төслийн нэгдүгээрх нь энэ билээ. Дэлхий дахин хэцүү байгаа ч гэлээ, нүүрсний үнэ унасан ч энэ төслийг явуулахын төлөө зүтгэж, хэлэлцэж буй та бүхэнд баярлалаа. Хэлэлцэн дэмжиж өгнө гэдэгт итгэж байна.