БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ноцтой байр суурь илэрхийлэв. Тэрбээр, “2010 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Монгол Улсад төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсан. Тэр өдрөөс эхэлсэн төмөр замын дажинг дуусгаж, УИХ-аар соёрхон батлах гэж байна. Ийм өдөр ирдэг юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хуульзүйн сайдаас асуух асуулт байна. Гэхдээ тайлбар хийе. 2014 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, "Энержи Ресурс" компанитай Ч.Сайханбилэгийн Засгийн газар нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таван намын төлөөлөлтэй хамтарсан Засгийн газар Хятадаас хятад хэлтэй гэрээг авчирсан. Энэ гэрээг олон нийтэд ил болгохыг шаардаж байна.
Би эндээс шударга ёсыг нэхэмжилмээр байна. Тавантолгойг 100 жилээр хятадын компанид өгөх гэж оролдсон. 40 гишүүн унагах гэж оролдож, 36 нь улс орныхоо эрх ашгийн эсрэг ажилласан. Хятадын компанийг олборлолтод оруулна, төмөр замыг нарийн царигаар барина гэж УИХ-ын тогтоолын эсрэг явж байсан. Одоо харин Монгол Улсын хуулийн дагуу өргөн царигаар тавьж, хил холболтыг Хятадын тал даах юм байна гэж ойлголоо. Тавантолгойн хувь эзэмшил рүү дахиж орохгүй, олборлолт явуулахгүй, жилдээ 20 сая тонн нүүрс авах юм байна гэж ойлголоо, зөв үү.
Ерөнхий сайд таниас би шударга ёсыг нэхэмжилж байна. 15 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал, нэр төрөөрөө хохирсон. Яаж цагаатгах юм. Хулгайч нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. Оффшор бүсэд бүртгэлтэй “Энержи ресурс” гэж компани энэ бүхнийг зохион байгуулж байсан. Энэ хүмүүст хариуцлага ярих уу. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдоржоо баривчилж авчир, ял тооцохгүй юм уу.15 жил ял тулгуулж явсан хүний хувьд би шударга ёсыг нэхэж байна. Хулгайч нарт хариуцлага тооцож чадахгүй юм бол “дархлагдсан хулгайч” гээд нэрлэчихээд олон нийтэд зарлачихвал яадаг юм” гэлээ.
Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “12 зүйл заалттай хэлэлцээрийг байгуулах үндсэн чиглэл дотор таны ярьсан зүйл байгаа. Хоёр улсын Засгийн газрын тохирсон дээд хэмжээний хэлэлцээрт гуравдагч тал оролцохгүй гэж тусгаж өгсөн. Засгийн газар хоорондоо дундын зуучлагчгүй хэрэгжүүлнэ. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй гэж тусгайлан зааж өгсөн.
Тавантолгойн ордын лиценз эзэмших тухай санал тавихгүй гэдгийг дотор нь тусгаж өгсөн. 2025, 2026, 2027 онуудад тав, таван сая, 2028 оноос 10 сая, 2030 оноос жилийн 30 сая тонн хүргэж олборлох, нүүрс худалдах, худалдан авах гэрээг оруулсан. Өргөн, нарийн царигийн маргаан дахиж үүсэхгүй гэж тусгаж өгсөн. Хоёр улсын хооронд яригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулан өнгөрсөн хугацааны алдагдал болон хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлэхгүй байхаар зааж өгсөн гэлээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн хувьд 70 жилийн дараа гашуунсухайт-Ганцмодны боомтын гэрээ шийдэгдэж байна. Энд хэнийг ч зөвтгөж, буруутгахгүй. Том зургаараа 70 жилийн дараа хоёрдахь боомтоо баталж байна. Олон хэлэлцүүлэг боллоо. Түүнийг түүх шүүнэ. 2003 оны есдүгээр сарын 09-нөөс эхлээд анх Хятадын талд тавьснаас хойш 20 жил, 2014 онд хоёр улсын төрийн тэргүүн хэлэлцсэнээс хойш 10 жил өнгөрчээ. Дараа, дараагийн боомт, ажлуудаа мэтгэлцээд явуулах нь зүйтэй. Тавантолгойн асуудлыг бид оруулж ирнэ. Цаасан дээр тулгуурлаж ярих нь хамгийн зөв болно. Засгийн газар боловсруулж байна. Удахгүй тэр цаасыг та бүхэн хараад юу болсныг олж харж, шүүн хэлэлцэх цаг удахгүй байх аа” гэсэн хариулт өглөө.