ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Азтан”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-05

Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр Зам тээвэр, хөгжлийн яамны дараагийн сайдын сунгаанд Өвөрхангайн улстөрч өнгөлжээ. Тодруулбал, яаманд нь гарсан хүн амины хэрэгтэй холбогдуулан Ж.Бат-Эрдэнэ сайд өргөдлөө өгч, түүнийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Огцрох өргөдлийг нь хүлээж байсан аятай л МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд гэрлийн хурдаар хуралдаж, УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг 100 хувийн саналаар дэмжлээ.

Өвөрхангай аймгийн харьяат, физикч мэргэжилтэй түүнийг азтай юм аа л гэж дүгнэе. Илүү дүгнэлт ч өгөх аргагүй. Зам тээврийн салбарыг мэргэжлийн хүнд нь өгөх болов уу гэсэн хүлээлт талаар өнгөрлөө. Я.Содбаатарын тухайд 1999 оноос намын ажилд оролцож эхэлсэн. 2006 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2008 оноос Мэргэжлийн хяналтын даргын албан тушаал хашиж байгаад, УИХ-д орж иржээ. Хоёр ч удаа парламентад сонгогдсон ч “бялуу” хүртэж чадахгүй явж байсан юм. Тиймдээ ч “гуравдугаар ээлжийн хоол”-ны цаг болж буйг хамгийн түрүүнд мэдэрч, амбийцалж гүйснээр үр дүнгээ гаргав.

Зам тээвэр бол хамгийн хэцүү салбар. Чанаргүй замаас үүдэж олон хүний амь нас яригдаж байдаг. Энэ салбарт уг нь мэргэжлийн хүн очих ёстой ч тийм зүйл болсонгүй. Угтаа Я.Содбаатарын өрсөлдөгчид дэндүү сул байсан учраас 100 хувийн саналаар илт товойлоо. Аз нь гийжээ, түүний. Дэмжих шийд гарсны дараа “Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ. Монголын төр босго өндөртэй байх шаардлагыг тавина” хэмээн ярьсан юм. Хэлсэн шигээ ажиллаарай. Бусад шиг тендерийн будилаан хутгаж, болохгүй зүйлд холбогдоод байвал буулгаж бас болдог гэдгийг сануулах юун.