ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ховор ан амьтныг зөвшөөрөлгүй агнасан хэргийг шүүхэд шилжүүллээ

O.Admin
18 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.601 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа. Дээрх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,840 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, шинээр 592 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 264 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 65, Өмчлөх эрхийн эсрэг 55, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, Авлигын 3, Эдийн засгийн 2 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас  “Э” компанийн удирдах албан тушаалтан С.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нийт 712 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 71 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

Ж.Э нар нь бүлэглэн нэр бүхий иргэний өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардан, сүрдүүлж, эзэмшиж байсан тээврийн хэрэгслийг нь авахаар заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 /Хүн барьцаалах/, 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

2024 оны 10 дугаар сард хамтран амьдрагчаа зодож, онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, хохирогчийн бичлэгийг цахим орчинд тараана хэмээн сүрдүүлсэн, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан Ч.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Хэнтий аймгийн прокурорын газраас Х.Б, А.Т нар нь ховор амьтны жагсаалтад багтдаг 8 ширхэг тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,  

Дорноговь аймгийн прокурорын газраас Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган зорчигчийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, хэргийн газрыг зориуд орхиж явсан хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 /Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.