ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Энхбилэг: Дотуур хувцас нь өөрөө урлаг юм

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-10-08

“Хэрвээ олж харсан бол гүйцэлдүүл, намайг зогсоох хүч хэнд ч үл хүрнэ” хэмээн зоримог хэлэх хорин хэдэн настай залуухан бүсгүй О.Энхбилэгтэй уулзсанаа та бүхэнд хүргэж байна. Зорилготой хүний сэтгэлийн хүч тэнгэр баганадсан гантиг хөшөөг буталж чаддаг аж. Хүний нөөцийн менежер мэргэжилтэй бүсгүй хүслээрээ жигүүр дэлгэн охид бүсгүйчүүддээ дотоод гоо сайхан, урлагийн төгс зохицол бэлэглэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа нь эрхгүй сэтгэл татна. Түүнийг энэ удаагийн дугаарынхаа “Хөлсний амт” буландаа онцолж байна.

-Өөрийн бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ. Дотуур хувцасны Монгол брэнд гэхээр гайхалтай сонсогдож байна?

-Сургуулиа төгссөний дараа, хүүхдээ хараад гэртээ суудаг байсан. Тэр үед эмэгтэй торон дотуур хувцас моданд орж трэнд болсон. Тухайн үед материалыг нь аваад өөртөө эхэлж хийж үзлээ. Нэлээн хэд, хэдэн удаа оролдож үзээд, амжилттай болсон туршилтуудаа өөрийн фэйсбүүкт оруулж эхэлсэн. Фэйсбүүкийн найз, найзын найзууд “Хөөх, чи хийж байгаа юм уу. Надад бас хийгээд өгөөч” гээд захиалга авч эхэлсэн. Хэрэглэгчийн гар дээр хүрэх үед тэднээс “Үүнийг хийлээ гэж үү. Ямар мундаг юм бэ” гэх мэт эерэг урам өгсөн хандлага их ирсэн.

-Хүний нөөцийн менежер мэргэжилтэй. Гэнэт дотуур хувцасны загвар зохион бүтээж үйлдвэрлэж эхэлсэн нь огцом шийдвэр юм шиг санагдлаа. Загварын хувьд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг хүн байгаа юу?

-Би мэргэжлээ сонгохдоо алдаа гаргасан. Юу хүсэж, хийж чадах вэ гэдгээ тооцоогүй. Зүгээр нэг сургуульд ороод аав, ээжийнхээ мөнгийг дөрвөн жил дэмий үрсэндээ одоо хэр нь харамсдаг. Азаар аав, ээжийн минь гар, ухаан, нүдний ур надад өвлөгдөж ирсэнд баярладаг. Суралцаж төгссөн мэргэжлийнхээ ачаар би хүн таних, цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлсныг нь хүртэл харж чаддаг. Гайхалтай биш гэж үү. “Урлах эрдэм” дээд сургууль төгссөн охин миний баруун гар болж хамтран ажилладаг.

-“Debra” брэндийн дотуур хувцас ижил төрлийн бүтээгдэхүүнээс ямар давуу талтай вэ?

-Анх эхэлж байхдаа үнэхээр их судалгаа хийсэн. Өндөр үнэтэй, чамин тансаг бүтээгдэхүүнээс эхлээд лангуун дээр зарагддаг дотуур хувцас бүрийг барьж задалж үзэж байсан. Нүцгэн бие дээр хамгийн түрүүнд өмсдөг хувцас нь дотуур хувцас. Тиймээс биед эвтэйхэн байх шаардлагатай. Мөн дотуур хувцас нь өөрөө урлаг юм. Мэдээж таныг дотуураа юу өмссөнийг анзаарахгүй л дээ. Гэхдээ хээнцэр, биед эвтэйхэн дотуур хувцас өмссөн бүсгүй өөртөө итгэл дүүрэн, сэтгэл хангалуун алхдаг. Цэмцгэр гоё мэдрэмж төрдөг. Дээрээс нь эмэгтэй хүний дотуур хувцас чамин хээнцэр байна гэдэг нь гэр бүлийн харилцаанд чухал ач холбогдолтой. Эмэгтэй хүн сайхан дотуур хувцас өмсөх нь ханьдаа, найз залуудаа барьж болох нандин бэлэг болж чаддаг шүү. /Инээв/

-Гайхалтай юм. Энэ сэдвийн хүрээнд хэрэглэгч худалдан авагчдын хувьд нээлттэй байж, өөрсдийн юу хүсэж байгаа илэрхийлдэг гэж үү?

-“Debra” брэндийн худалдан авагчдын тал хувь нь эрчүүд байдаг. Тэдний сонголт илүү нарийн уран хийцтэй, чамин дотуур хувцсыг сонгодог. Найз бүсгүй, гэргийдээ бэлэг барихаас гадна өөрсдөд нь сэтгэлийн таашаал өгч чаддаг өндөр мэдрэмжтэй залуус. Нөгөө худалдан авагчид “Найз залуутайгаа удаан уулзаагүй. Бэлэг баримаар байна. Холоос ирж байгаа юм” гэх мэтээр үнэн учраа хэлдэг. Тэд бас л дотоод гоо сайхныг мэдэрсэн түүнийгээ нандин харилцаа хайртай хүндээ зориулж буй нь эрхэмсэг байгаа биз. Манай нөхөр хүртэл тэвчээр нь барагдаад надад гомдол хэлж байсан удаатай. Миний эхнэрийн хийж буй ажил нь хүний нөхөр баярлуулж байна. Нөхөртөө зориулж, баярлуулж болдоггүй юм уу гэж ирээд л өөрөө хийсэн хувцсаа өмсөж байгаач гэж сануулсан удаатай.  

-Эрэлт байгааг мэдэрч, нэрийн дэлгүүрээ нээх хүртэл ганцаараа ажиллана гэдэг уйгагүй хөдөлмөр. Гэр бүлийн хүмүүс нь мэдээж дэмжсэн байх?

-Анх фэйсбүүкээр захиалга аваад гэрээр хийдэг байхад шөнө унтдаггүй оёдог байсан. Эхэндээ нөхөр хүүхэд хоёр нам унтдаг байлаа. Сүүлдээ манай гэрийн амьдралын хэмнэл алдагдаж эхэлсэн. Үүрийн 04:30 цагийн үед охин тэнд тоглоод, зурагтаар хүүхэлдэйн кино үзэж байдаг нь хэвийн үзэгдэл болсон. Тиймээс өөрийн гэсэн ажлын байртай болох нь зөв гэж шийдээд “ТБД” андуудын хажууд “Их ноёд” төвд үйлчилгээний талбай түрээсэлсэн. Эхлээд урлан, дэлгүүр хоёр нэг дор байлаа. Тухайн үед хүмүүс өлгүүрт байгаа хувцсыг үзээд худалдаж авдаг байсан боловч, оёж байгааг нэг бүрчлэн үзэж шалгаад хаанаас нэг сул утас олох вэ гээд эргүүлж тойруулаад зогсчихдог. Би гадны өндөр үнэтэй “Victoria Secret” брэндийн дотуур хувцасны дотор оёдлыг хараад өөртөө баярлаж байсан. Учир нь дотоод оёдолд чанарын ямар ч ялгаа харагдаагүй. Ингээд үйлдвэрлэл худалдаа хоёр нэг дор байж болдоггүйг ойлгосон учраас урлангаа салгасан. Бүтээмж л сайн байвал эрэлт үнэхээр хангалттай харагдсан учир би ч зүтгэсэн. Манай гэр бүлийнхэн ч намайг дэмжсэн.

-Ажлын байрны зар байршуулсан байсан. Ажлын байр бий болгоод амжилттай яваа юм байна гэж дүгнэсэн?

-Хүний нөөцийн менежер мэргэжилтэй учир хандлагыг тодорхойлж чаддаг болсон. Тууштай яг дотуур хувцасны чиглэлээр сонирхож ажиллах хүн л хэрэгтэй. Үндсэндээ бол ажилтан биш хамтрагч баруун гар болох хүн чухал. Гэтэл хүмүүс яг л хоёр дахь ажил нь юм шиг ханддаг. Хоёр, гурав хоног ажлаад завгүй боллоо гээд яваад өгдөг. Мөнгө олохын тулд ажил хийх хэрэгтэй гэдгийг ойлгохгүй байна гэж байхгүй. Зүгээр л илүү хялбар ажил хайдаг юм шиг санагдсан. Би өөрийгөө оёдолчин гэж боддоггүй. Цуг ажилладаг охиддоо ч хэлдэг. Та нар оёдолчин биш ирээдүйг бүтээгч л гэж харж байна. Тиймээс өөрийгөө бол давсан. 

-Зээлтэй юу. Аливаа үйлдвэрлэлд хөрөнгө шаардлагатай байдаг?

-Гэрийн гар оёдлын машин тачигнуулаад л оёдол хийдэг байлаа. Сайн бүтээгдэхүүн гаргахын тулд зориулалтын оёдлын машин хэрэгтэй болсон. Дээрээс нь бараа материал гээд л хэрэгтэй зүйл их байсан. Аав надад туслаад банкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн чиглэлээр таван сая төгрөгийн зээл авсан. Гэхдээ надад одоо ч бараа материал авах эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна. Өнөөдөр би банкинд зээлийн эргэн төлөлт хийнэ. Хоёр газар түрээсийн төлбөр, оёдолчдынхоо цалинд орлого маань таардаг. Үнэнийг хэлэхэд яг одоо миний хувьд санхүүгийн хүнд жил өнгөрч байна. Мөрөөдлөөрөө хоёр жил явлаа. Одоо сайтар судалгаа, тооцоотой ажиллах хэрэгтэй юм гэдгийг хангалттай сайн ойлгосон. Бүх зардлаа шингээгээд худалдаанд гарсан нэг бүтээгдэхүүнээс 10 мянга хүрэхгүй ашиг гардаг. Өнөөдөр л гэхэд гар утсаа барьцаалан зээлдүүлэх газарт тавиад мөнгөөр нь түүхий эд авсан байна. Гэхдээ үүнийгээ би аз жаргалтайгаар эргэн тойрондоо зарлаж байгаа юм. Энэ бол шантрах шалтгаан биш.

-Хэрэглэгчийн зах зээлээ олон нийтэд зориулсан юм шиг санагдлаа. Өндөр зэрэглэлийн дэлгүүрт талбай түрээслээд бүтээгдэхүүнээ бодитоор үнэлээд зарвал цөөнхөд зориулсан ч ашиг олох нь илүү дөхөмтэй байхгүй гэж үү?

-Яг ийм санал ирж байсан. Олонд таниулахыг бодож байгаа учир саналыг хүлээж аваагүй. Үнэхээр хаана ямар шилэн хоргоны цаана тавигдаж борлуулагдаж байгаа нь чухал уу гэвэл чухал. Дотуур хувцас гэж бодох төдийд л “Debra” санаанд нь ордог байгаасай гэж хүсэж байна. Цаашид VIP үйлчилгээ нэвтрүүлэхийг үгүйсгэхгүй.

-Цаашдын зорилгоо юу гэж харж байна?

-Монголд үйлдвэрлэдэг байж үнэтэй юм гэж хүмүүс хэлдэг. Би хэрэглэгч байхдаа бас л эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр гарч байна. Хаа холын орноос ирж байгаа бараа бүтээгдэхүүнд тээврийн зардал, татвар шингээд эх орны бүтээгдэхүүнээс хямд байна гээд л сөрөг талаас хардаг байсан. Монгол Улс хэрэглэгч орон. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний түүхий эдийг гаднаас хэд дахин өндөр үнээр, сонголтгүй, худалдаж авдаг. Харамсалтай нь, энэ урсгал нь бүтээгдэхүүн хямд гарах нөхцлийг хаадаг. Дотуур хувцасны хувьд жижиг эд хэрэглэл ихтэй.

Материалын олдоц элбэг биш. Зөвхөн захиалгаар ирдэг гээд асуудал их байдаг. Одоохондоо ашиг гэх зүйл үнэндээ алга. Би зорьсон, харсан, заримдаа шөнө унтахгүй оёх үе ч бий. Гэсэн ч миний тахим нугарах болоогүй. Яагаад Монгол брэндээр охид бүсгүйчүүд гангарч болохгүй гэж. Магадгүй би таваас дээш жилийн дараа “Debra” брэндийн өөр олон салбар дэлгүүрийн нээлтээр  анх эхэлж байсан тэр өдрүүдийг эргэж хараад инээмсэглээд зогсож байна гэдэгтээ хэзээ ч эргэлздэггүй. Манай улс бүтээгч улс болсон байхыг харж байна. Бид илүү хямд үнээр чанартай нэр хүндтэй олон зүйлсийг худалдаж авдаг болсон байхыг харж байна. Үүний төлөө би ажиллана.