Монголын ууган сургуулиудын нэг ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль саяхан 95 жилийнхээ ойг тэмдэглэж өнгөрүүлсэн билээ. Энэ сургууль сургалтын чанараараа ч тэр, хотын төвд оршдог гэдэг байршлаараа ч тэр эрэлт хэрэгцээ ихтэй сургуулиудын нэг яахын аргагүй мөн. Ямар сайндаа л “Нэгдүгээр сургуульд хүүхдээ өгөх гэсэн юм таньдаг хүн байна уу”, “Нэгдүгээр сургуульд хүүхдээ оруулахад хэдэн төгрөгийн хахууль өгч байгаа вэ” гэдэг яриа намрын намарт олны дунд гардаг болсон нь ч нууц биш. Өөрөөр хэлбэл, улсын сургуулиудыг чанараараа тэргүүлдэг сургуульд хүүхдүүдээ өгөх гэсэн эцэг эхчүүдийн цуваа тасардаггүй гэхэд болно.
Тэр хэрээр энэ сургуулийн захирлын суудал үнэд хүрдэг нь нууц биш. Гэтэл эл яриаг нотлох мэт тус сургуулийн захирал Т.Бум-эрдэнийг өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газраас баривчлав. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Түүнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан. Мөн авлигал өгч байсан хүнтэй нь баривчилсан” хэмээн мэдээлж байна. Үнэндээ сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгаагаас шалтгаалж, хотын төвд байршилтай, сургалтын чанар сайн сургуулиудад хүүхдээ элсүүлэхийн тулд авлига өгдөг нь хэн бүхэнд тодорхой болсон. Харин энэ удаа АТГ-ын дайрлагад нэгдүгээр сургуулийн захирал Т.Бум-Эрдэнэ өртлөө.
Манай улсын хуулиар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай хэмээн үзэж болохгүй гэж хуульчилсан байдаг учраас одоохондоо тэр бол “гэм буруугүй” хүн юм. Харин гэмтэн болоод ял аваад гарах уу, гэмгүй хэмээн цагаатгаад гаргах уу гэдгийг цаг хугацаа л харуулна биз ээ. Ямартай ч Т.Бум-Эрдэнэ захирал манай сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Манай сургуулийн нэгдүгээр ангид элсэж буй хамран сургах тойргийн хүүхэд 180 орчим байдаг. Гэхдээ бид 180 орчим хүүхэд нэмж элсүүлээд 350 хүүхэд авсан” хэмээн ярилцлага өгч байсан билээ. Эдгээр хамран сургах тойргийн бус 180 хүүхдийг авсан нь авлига мөн биш гэдгийг харин АТГ тогтооно биз ээ.