ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатарчууд ялав

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-09

Өнгөрсөн амралтын өдрүүдэд аймаг, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сул гарсан тойргуудад нөхөн сонгууль болж өнгөрлөө. Эндээс олны анхаарлыг хамгийн ихээр татсан нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль байлаа. Учир нь өнгөрсөн сонгуулийн дүнгээр эл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН, АН хоёул 16, 16 суудалтай байсан бөгөөд Дарьганга сумын гуравдугаар тойрогт дахин сонгууль зарлахаар болоод байсан нь энэ билээ.

Аль намынх нь нэр дэвшигч ялахаас шалтгаалж аймагтаа олонх болох, хайнаа хагалах сонгууль болсон. Өөрөөр хэлбэл, ялсан нам нь аймгийнхаа удирдлагыг гартаа авах болоод байснаараа илүү ач холбогдол өндөртэй сонгууль болсон юм. Түүгээрээ ч бусад аймаг орон нутгийн сонгуулийг бодвол илүү халуухан болсон хэрэг. Мөн 2020 оны сонгууль дөтөлж буй энэ цаг хугацаанд аль намын нэр хүнд ард иргэдийн дунд өндөр байгааг ч харах боломжтой сонгууль байсан гэхэд ч хилсдэхгүй. Харин энэ удаагийн сонгуулиар нийт сонгуульд оролцох ёстой сонгогчдын 87 хувь нь оролцсон нь харьцангуй ирц өндөртэй болж өнгөрсөн.

Мөн АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурьт нутгийн иргэдийн олонх буюу 72 хувь нь саналаа өгч, авч, тэрбээр ялалт байгуулсан байна. Өмнө нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллахдаа энэ аймгийг эрс шинэчилж, хөгжүүлж, бодитой олон ажил хийж чадсан хэмээн үнэлэгддэг Ж.Батсуурь нутгийнхаа иргэдээр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүнг ийнхүү тавиулсан гэхэд болно. Ямартай ч Сүхбаатар аймагт АН олонх болж, чадлаа. Энэ ялалтыг авч ирсэн хүн бол “Сүхбаатарчууд ялна” уриатай оролцсон Ж.Батсуурь байлаа.