Халзанбүрэгтэй төслийн Хяналтын сонсголын үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ газрын ховор элементийг олборлохтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Газрын ховор элементийг олборлохтой холбоотой хууль, эрхзүйн орчин хангалттай бүрдсэн.
Эрхзүйн орчноос улбаалаад үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг хязгаарлах асуудал л өнөөдөр үүсээд байна. Тэр нь нэг талдаа попролт. Цалин тэтгэвэр нэмээч гэж орилдог атлаа төрд орж ирэх, иргэдэд очих орлогыг хааж, шахаж, боож байгаа хэлбэр. Би сайдаар ажиллаж байсан хүн. Халзанбүрэгтэй төсөл заавал УИХ руу, Хяналтын сонсгол руу орж ирэх шаардлагагүй. Хуультай, эрхзүйн орчин нь бүрдчихсэн юм шүү дээ. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажилллагаа явуулаад эхлэх юм бол хураагаад авчихдаг хуультай. Ер нь газрын ховор элементээ ашиглахгүй юм бол цаашдаа дэлхийн хөгжлөөс хол хоцорно. БНХАУ энэ салбарт дэлхийд дангаараа ноёрхож байна.
ОХУ гэхэд 42 тэрбум ам.долларыг дангаар нь энэ салбарт зарцуулаад ашиглалтыг идэвхжүүлж байна. АНУ стратегийн ач холбогдлоор нь эрэмблээд эхэлчихлээ. Тэгэхээр бид хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөллийн тооцооллоо зөв гаргаад ашиглах боломжтой байгалийн баялгаа ашиглаад явах ёстой юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиараа ч ард түмэнд нийт баялгийн өгөөж очих ёстой.
Хяналтын сонсголоор нэг мөр ойлголттой болно гэж найдаж байгаа. Хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх талд л стандарт шаардлагыг хангасан орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээ, техникийг хангасан төслийг дэмжих ёстой. Алт, зэс адилхан л хортой. Гэхдээ алт, зэс олборлолоо гэж бөөн юм болохгүй байгаа биз дээ.
Тэнд стандарт хангагдаж байгаа хэрэг. Тиймээс шинэ төслүүдээсээ энийг л шаардчих. Халзанбүрэгтэй 1.2 сая орчим тонны нөөцтэй юм билээ. Эдийн засгийн тооцооллоо салбар яам, хайгуулын лиценз эзэмшигч нь гаргах байх. Энэ бол Монголд байгаа ганц орд биш. Байгаль орчны үнэлгээний зөвлөл гэж бий. Хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Энэ зөвлөл мэдээллээ өгөх болов уу" гэв.