Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож байгаа талаар мэдээлэл гарсан. Авлига өгсөн иргэнийг цагдан хорьсон гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул энэ талаар мэдээлэх боломжгүй. Харин сургуулийн захирал хахууль авсан асуудлаас тусдаа нэг зүйлийн талаар зайлшгүй хэлэх шаардлагатай. Сургуулийн захиралд хахууль өгсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм нөхцөл байдалд орж байна. Хахууль өгөх гэмт хэрэг нь гурван жил хүртэл хугацаагаар хорих хатуу ял шийтгэлтэй.
-Хахууль өгсөн, авсан хоёулаа адилхан ял шийтгэгдэх хуулийн зохицуулалттай болохоор энэ төрлийн гэмт хэрэг илчлэгдэхгүй байх шиг байна. Энэ зохицуулалтыг өөрчлөх боломж байгаа юу?
-Шинээр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.5 буюу “Хахууль өгөх” гэмт хэрэг нь онцлог зохицуулалтай. Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Энэ нь хэрвээ иргэн өөрөө хүсээд, санаачлаад, зохион байгуулаад төрийн албан хаагчид авлига өгч ажил хэргээ бүтээсэн бол хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй. Харин албан тушаалтан төрийн үйлчилгээ үзүүлэхдээ тухайн иргэнийг хясан боогдуулж аргагүй байдалд оруулсан байхыг ойлгоно. Тухайлбал, иргэн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд авлига өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхын зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно.
-АТГ-ын энэ баривчилгааны дараа нийслэлийн зарим сургуулийн захиралтай холбоотой авлигын асуудлыг иргэд соошлоор хөндсөн. Тэд энэ тухайгаа илчлэх ёстой юм байна, тийм үү?
-Хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэх, эсвэл сургууль шилжүүлэн сургах зорилгоор сургуулийн захирал болон бусад холбогдох албан тушаалтанд авлига өгч асуудлаа шийдвэрлүүлсэн, эсвэл энэ талаар мэдээлэл байгаа бол АТГ-т мэдээллээ ирүүлээрэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн захирал, сургалтын менежер нь таныг хүүхдээ сургуульд элсүүлэхийн тулд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулан хясан боогдуулах замаар хахууль авсан бол, мөн энэхүү үйлдлийг та сайн дураараа илчилж ирвэл таны авсан төрийн үйлчилгээ буюу хүүхдийг тань сургуульд нь хэвээр үлдээж танд ямар нэгэн эрүүгийн хариуцлага яригдахгүй гэсэн үг. Ийм учраас АТГ-т үнэн зөв мэдээлэл ирүүлж иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй. “Бурууд нүд хурц” гэдэг үг байдаг. Нэгэнт яригдаад байгаа асуудал хууль бус гэдгийг мэдэж байгаа бол яагаад чимээгүй яваад байна вэ. Та иргэний үүргээ биелүүлж, аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд гар бие оролцоно уу гэж уншигчдаас хүсэж байна. Өгсөн, авсан хоёулаа буруутаж байгаа үед хэрэг илрэхгүй гэх мэтээр олон нийтэд хуулийн зохицуулалтын талаар буруу ойлголт төрүүлж байгаа асуудал ч байна.
-Ер нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг авлигаас ангид байлгах талаар дээр урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-АТГ-аас нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх буюу төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийг Нийслэлийн боловсролын газар 100 хувь цахимаар зохион байгуулах болсонтой холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт заасны дагуу цахим бүртгэл болон элсэлт, элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, урьдчилан сэргийлэх шат дараалсан ямар арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоонд тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Бид хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар нь очиж танилцсан. Цаашдаа эрэлт, хэрэгцээ ихтэй үүнээсээ шалтгаалаад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсч байгаа сургуулиудын элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж олон нийтэд ил тод зохион байгуулдаг болгох чиглэлээр БСШУСЯ-тай хамтран ажиллаж байна.
-Хүүхэд нь цэцэрлэгт орж чадаагүй эцэг эхчүүд хандивын анги нээх хүсэлтийг өөрсдөө тавьж эрхлэгч, дарга нартай уулздаг. Боловсролын байгууллагын хүрэлцээгүй байдал авлига цэцэглэх нэг шалтгаан болж байна гэж тайлбарладаг?
-Тийм ээ. Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг шалтгаан нь энэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт үүсдэг авлига, ашиг сонирхлын зөрчил нь иргэн бүрт шууд хохирол, хүндрэл учруулдаг хүн бүрийн анхаарлын төвд байдаг эмзэг асуудал. Энэ салбарууд дахь авлигын хамгийн том шалтгаан нөхцөл нь боловсрол, эрүүл мэндийн салбар дахь төрийн алдаатай бодлого, үйлчилгээний чанаргүй, хүртээмжгүй нөхцөл байдлаас шууд шалтгаалж байгаа. Нөгөө талдаа эцэг эх бүр хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэх, цэцэрлэгт хамруулахыг зорьж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ эцэг эхчүүд тэр хүсэл, эрмэлзлээ авлига өгөөд ч хамаагүй гүйцэлдүүлэх хэмжээнд хүргэж байна гэдэг нь үйлчилгээний чанаргүй, хүртээмжгүй байдалтай шууд холбоотой.