ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Боргилчулуун: Ирэх жил байт харвааны насанд хүрэгчдийн улсын аваргад оролцоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-12

“Нюанс” хамтлагийн дуучин М.Боргилчулууныг энэ удаагийн “Сондгой өнцөг” буландаа урилаа. Тэрбээр байт харваагаар хичээллэдэг бөгөөд, дэд мастер цолтой юм. 

-Таныг байт харваагаар хичээллэж, спортын дэд мастер цол авч байсан гэж сонссон. Хэзээнээс эхэлж байт харваагаар хичээллэсэн бэ?

-1994 оноос эхэлж байт харваагаар хичээллэсэн. 2001 он хүртэл идэвхтэй харвасан. Тэр үед “Нюанс” хамтлагаа байгуулсан учраас харваагаа орхисон. 2001 оноос хойш харвахгүй байж байгаад энэ зун ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Зүгээр ч нэг оролцоогүй, алтан медаль авсан. Байт харваанд насны ангилал гэж байдаг юм. Огт харвалгүй 3-5 жил болсон хүмүүс ахмадын улсын аваргад орох боломжтой байдаг. Дүрмэндээ ч тэгж зааж өгсөн байдаг юм. Би 20-иод жил харваагүй байсан болохоор дүрмийн дагуу ахмадын улсын аваргад оролцож, түрүүлсэндээ.

-Байт харваагаа орхиод 17 жилийн дараа тэмцээнд оролцсон хэдий ч түрүүлсэн гэж бодохоор маш сайн харваач байж таарах нь?

-Анхнаасаа миний суурийг зөв, сайн тавьж өгсөн багш нарын минь ач гавьяа.  Сайн сурсан болохоор удаан харваагүй ч гэсэн дадал зуршил болсон хэрэг.

-Анх байт харваагаар хичээллэх болсон шалтгаан нь чухам юу вэ. Нөлөөлөл байсан байх?

-Би 220 мянгатын хүүхэд. 31 дүгээр сургууль төгссөн. Манайх хуучин шаазан байрны үйлдвэрийн 30 дугаар байранд байлаа. Аавын маань найзынх манай гуравдугаар орцонд амьдардаг байсан юм. Тэдний хүү Цогтбаяр гэдэг ах намайг “Байт сурын харваагаар хичээллэх сонирхол байна уу. Сонирхвол хичээллэж болно шүү” гэж зөвлөсөн. Тэр дагуу л сонирхож, дунд сургуульд байхаасаа хичээллэсэн юм.  Байт харваагаар хичээллэхэд маш сонирхолтой, сайхан байсан. Тэгээд л харваж эхэлсэн юм. Миний анхны багш спортын мастер Т.Цогтбаяр. 

-Байт харваагаар хичээллэж байх үедээ хэр олон тэмцээнд оролцож байв?

-1997 онд байх аа, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Якутад болох Олон улсын хүүхдийн тэмцээнд өсвөрийн улсын аваргад эхний гуравт орсон хүүхдүүдийг авч явна гэж байсан юм. Би маш их хичээж оролцсон ч дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. Тэр тэмцээн огт санаанаас гардаггүй юм. Ер нь бол улсын аварга, нэрэмжит тэмцээнүүдээс медаль авч л байсан.   Залуучуудын ангилалд оролцох боломжтой болсон үедээ “Таван сум” клуб, “Хоршоолол” нийгэмлэгт харьяалагдаж харвадаг байлаа. 

-Байт харваагаар ид харваж байх үедээ хамгийн ихдээ хэдэн оноо авч байсан бэ?

-Бэлтгэлийн үеэр гайгүй харваж байсан. Байтад 1440 оноо авах ёстой байдаг юм. 144 сумаар харваж, дандаа 10 дээр оновол тийм хэмжээний оноо авна гэсэн үг.  Би бэлтгэл хийж байхдаа 1200 оноо авч байсан удаа бий.  Тухайн үед дэд мастер болохын тулд 1060, спортын мастер болоход 1080 онох шаардлагатай байсан. Харин ОУХМ болохын тулд 1180 онох хэрэгтэй. А зэрэглэлийн тэмцээнд ийм хэмжээний оноо авч байж цол авдаг байсан. Одоо арай өөрчлөгдсөн. Дэд мастер болохын тулд 1100, мастер цол авах бол 1200 оноо авах ёстой. ОУХМ цол авах болзол хангахаар бол 1300 оноо авах хэрэгтэй болсон. 

-Дэд мастерын болзлыг ямар тэмцээнд оролцохдоо хангасан бэ?

-Монгол Улсын анхны дэлхийн аварга Д.Дэмбэрэл багшийн нэрэмжит тэмцээн Төв аймагт болдог байлаа. Тэр тэмцээнд оролцохдоо дэд мастерын болзол хангасан. 

-Байт харваагаа орхисон нь хамтлаг байгуулагдсантай холбоотой юм уу. Эсвэл өөр шалтгаан байв уу?

-Би урлагт илүү дурлаж, хөтлөгдөж орсон. Дуулах дуртай.  1997 онд би Дуурийн театрт дуучнаар орсон. Дуулахынхаа хажуугаар байт харваагаар хичээллэдэг байлаа. Гэтэл 2001 онд “Нюанс” хамтлагаа байгуулсан. Ингээд л цаг зав бүр хомс болж, байтаа орхисон юм. 

-Байт харваа нэг хэсэг “сураг тасарсан” байлаа. Харин сүүлийн жилүүдэд илүү хөгжиж, олимпын наадамд хүртэл эрхээ авч оролцдог боллоо манай тамирчид.  Саяхан “360” гэдэг байт харвааны талбай нээлтээ хийсэн. Тэр талбайд очиж, бэлтгэл хийж байгаа юу?

-“Дайчин чанар-тэсвэрийн талбар 360” гэдэг байт харвааны талбай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд талд нээгдлээ. Спортод элэгтэй хүмүүс, байт харвааны тамирчид, холбооныхон гээд олон хүн нийлж  талбай бүтээн байгуулж,  нээсэн нь энэ спортын хөгжилд том хувь нэмэр болно. Мэдээж би талбай нээлтээ хийснээс хойш байнга очиж, бэлтгэл хийж байгаа. Манай байтынхан зааланд, гадаа гээд хаа сайгүй л бэлтгэлээ хийдэг. Тэр болгонд би очиж бэлтгэл хийж чаддаггүй байлаа. Харин талбай нээлтээ хийснээс хойш бэлтгэлээ сайн хийж байна. Мөн тийм талбайтай болсон нь байт харвааг сонирхож, хичээллэж байгаа хүмүүст маш том хөрөнгө оруулалт боллоо. 

-Байт харваа нас харгалзахгүй хичээллэж болох спорт. Тийм болохоор цаашид байт харваагаар хичээллээд, илүү их амжилт гаргах төлөвлөгөө байгаа байх, танд?

-Байт харваа бол найман настай балчираас 80 настай буурал хүртэл хэн ч хичээллэх боломжтой спорт. Миний хувьд ирэх оны улсын аваргад насанд хүрэгчдийн ангилалд оролцох бодолтой байгаа. Одооноос бэлтгэлээ хийж эхэлж байна. Хувийн бэлтгэлээ ч сайн хангана. Техникээ бэлтгэнэ, резинтэй ажиллана, нумаа татна. Талбай дээр очоод харвахгүй ч гэсэн гэртээ бэлтгэл хийж болдог. Гэхдээ өдөр болгон нум татаад, техник бэлдээд байна гэж юу байхав. Ажлынхаа зав чөлөөгөөр л бэлтгэлээ хийж байгаа. 

-Танд өөрийн гэсэн нум, сум, хэрэглэл байгаа биз дээ?

-Одоохондоо өөрийн гэсэн нум, хэрэглэлгүй байна. Анх харваж байхдаа холбооны нумыг хэрэглэж байсан. Одоо ч гэсэн холбооны нумаар л харваж байгаа. Тууштай хичээллээгүй болохоор өөртөө зориулж нум, хэрэглэл аваагүй юм. Ирэх жилээс өөрийн гэсэн нум, сум, хэрэглэлтэй болно гэсэн бодолтой байгаа.  Америк, солонгос, орос, хятад гээд төрөл бүрийн нум байна. Чанар чанараасаа шалтгаалаад үнэ өртөг нь ч өөр байдаг юм. 

-Байт харвааны дэлхийн аварга, олимпын наадам гээд том тэмцээнүүдийг шимтэн үздэг байх?

-Үзэлгүй яахав. Саяхан Жакартад болсон Азийн наадамд манай харваачид амжилттай оролцлоо.  Өсвөрийн харваачид саяхан Ордос хотод очиж, тэмцээнд оролцоод медаль хүртээд ирсэн. Парагийн тамирчид Жакарта руу явсан. Байт харваа манайд хөгжиж байна. Би 17, 18 жил байт харваанаас хол байж байгаад  энэ жил тэмцээнд оролцсон. Гэтэл бүх зүйл нь өөрчлөгдчихсөн байгаа юм. Тэмцээний дүрэм өөрчлөгдөж. Зөвхөн нэг зогсоолд зогсдог болж. Тамирчид их залуужиж. Би тэмцээнд оролцох гэж очоод бараг л анх суралцаж байгаа юм шиг байлаа шүү дээ. 

-Та ирэх жил улсын аваргад оролцохоор төлөвлөж байгаа гэсэн. Өөртөө зорилго тавьж байгаа биз дээ. Спортын мастер цол авах ч гэдэг юм уу?

-Тийм бодол байхгүй ээ. Энэ спортод маш дуртай. Байт харвааны холбоотой ойрхон ажилладаг. Ямар нэг үйл ажиллагаа болоход оролцоно. Урлаг талаасаа тусалдаг.  

-Энэ спортоор хичээллэдэг хүний хувьд байт харвааг илүү хөгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай гэж боддог вэ. Манайх харваагаар уламжлалтай улс. Тийм болохоор олимп, дэлхийд хүчтэй өрсөлдөх боломж байгаа нь мэдээж?

-Хэрэглэл материал маш сайн байх хэрэгтэй байна. Амжилт гаргаж байгаа тамирчид, залуучуудаа сайн дэмжиж, өндөр цалин өгмөөр санагддаг. Тамирчин хүн нийгмийн асуудлаа шийдсэн, ар гэртээ санаа зовохгүй бэлтгэлээ хийж байж л илүү амжилтад хүрнэ. Түүнээс биш цөөн хэдхэн төгрөгийн цалин аваад, амьдрал нь хэвтээ байгаад байвал амжилт гаргахад хэцүү.  Нэг том тэмцээнд сайн оролцмоор байдаг. Ар гэрийн амьдрал нь бодогдоод байвал тамирчин бухимдана, санаа зовно. Өнөөдрийн нийгэмд бухимдахгүй байх арга алга байна. Тийм болохоор нийгмийн асуудлыг нь шийдэж өгөх ёстой. Дээрээс нь хэрэглэл материал нь сүүлийн үеийнх байх хэрэгтэй. Солонгосын тамирчид дэлхийд тэргүүлж байна. Нум, сум, хэрэглэл нь сүүлийн үеийнх. Ар гэр нь асуудалгүй, цалин мөнгө нь сайн болохоор илүү амжилт гаргадаг. Манайд тийм биш байна. Шигшээ багийн тамирчид санаа зовох зүйлгүй, хэрэглэл сайтай бол Солонгосын харваачдаас дутахгүй л гэж би боддог.   Гэхдээ байт харвааны спорт хүнд тайвшрал өгдөг. Талбай дээр гараад, байгаа хараад, нумаа эвшээлгээд харваж байхад тайвширч, бүх муу муухайг мартана. Нэг мэдэхэд л цаг өнгөрчихсөн байдаг.  Тийм л гоё спорт.