ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Үл үзэгдэгч”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-12

Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Монголын эмэгтэйчүүдийн холбоо өчигдөр 3000 эмэгтэйчүүдийг цуглуулж тавдугаар их чуулганаа хийв. Цагтаа Монголын эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж, итгэл найдвар нь болж явсан энэ байгууллагыг өнөөдөр хэн ч мэдэхгүй шахам байна. Учир энэ байгууллага сүүлийн хориод жил ор сураггүй алга болсонд байгаа юм.  Монголын охид, бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөж, амиа алдаж, мянга мянган эмэгтэйн эрх зөрчигдөж байхад тэдний төлөө дуугарч байх ёстой энэ байгууллага хаачив. Тус байгууллагыг бүтэн 18 жил удирдсан Ж.Эрдэнэчимэг гэх эмэгтэй хаана юу хийж явав. 13-хан настай охин хүчирхийлэлд өртөн амиа алдаж, бяцхан охид харийн оронд буудлын барьцаанд үлдэж байхад Ж.Эрдэнэчимэг тэргүүн тэдний эрхийн төлөө хөдлөх нь байтугай, нэг үг ч дуугарсангүй.

Дүн өвлийн хүйтнээр эмэгтэйчүүд төв талбайд нүцгэн жагсаж, баярынхаа өдрөөр эрхийнхээ төлөө тэмцэн бэмбэгнэж зогсоход тэр хаана байв. “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” бол олон улсын хэмжээнд бүх эмэгтэйчүүдийг төлөөлдөг эрх бүхий байгууллага уг нь. Тийм ч утгаараа гадны улс орнуудын төсөл хөрөнгө оруулалт тасралтгүй орж ирдэг гэдэг. Тэрхүү хөрөнгө оруулалт тэгвэл эмэгтэйчүүдийн эрх, сайн сайхны төлөөх үйлсэд  зарцуулагдаагүй юм бол хаачсан байх вэ гэдгийг бурхан л мэдэх байх.  Ж.Эрдэнэчимэгийг МЭХ-г удирдах болсноос хойш энэ байгууллага усанд хаясан чулуу шиг алга болж,  тэрбээр үндсэндээ энэ холбоог “булшилсан” гэхэд хатуудахгүй. Холбоог тэргүүлснээс хойш түүний тухай сөрөг мэдээлэл тасраагүй аж. Тус холбооны үйл ажиллагаагаа явуулахаар авсан гурван өрөө байрыг Амгаланд байрладаг сургалтын төвийн хамт зарж, хүүхдийнхээ данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн тухай шуугиж байсан үе ч саяхан.

Тэгвэл өчигдөрхөн л гэхэд Монголын өнцөг булан бүрээс 3000 мянган эмэгтэйг цуглуулж, хүн тус бүрээс 108 мянган төгрөг такс хэмээн цуглуулсан аж. Энэ нийт 324 сая төгрөг болж байгаа юм байна. Такс нэрээр төлөөлөгчдөөс татсан мөнгөөрөө санал худалдаж авахаар санаархаж сууна гэж хардах хүн ч цөөнгүй байгаа гэх. Монголын эмэгтэйчүүд, цэцэг шиг охид өнөөдөр төрсөн эцэгтээ ч итгэхэд бэрх болсон энэ үед эрхийнх төлөө тэмцэх байгууллагын тэргүүн та чуулган зохиож мөнгө цуглуулахаас өөрөөр юу хийв. Хашир хүн хашир байдаггүй хаширч байж хашир болдгийн ёсоор МЭХ-ныхон шинэ тэргүүнээ сонгохдоо, нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.