ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оскарын эзэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-15

Өнгөрсөн пүрэв гарагт “Беверли Хиллз” дэх Самуэл Голдвайн театрт эдүүгээ 49 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Student Academy Awards” олон улсын уралдааны Оскарын шагналыг түүхэндээ анх удаа Монгол хүн хүртсэн тухай баярт мэдээ дуулдав. 100 гаруй орны 1582 бүтээлээс Монголын кино найруулагч Бирагийн Мартын “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино академийн дээд шагнал хүртсэн нь энэ байлаа. Дундговь аймгийн Өндөршил сумын их эмч Д.Эрдэнэчулууны ажил амьдралын тухай  өгүүлэх тус кинонд монгол эмчийн ур чадвар, нүүдэлчдийн ахуй, соёлыг харуулдаг аж.

Дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг удаа дараа цуурайтуулж яваа Б.Март МҮОНТ-ээс ажил амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд тэнд байхдаа анхны богино хэмжээний баримтат киногоо бүтээж байсан бол өдгөө ийнхүү дэлхийд тэргүүлэх уран бүтээлч болж, эх орныхоо нэрийг дахин цуурайтууллаа. Тэрбээр, Оскарын шагнал гардан авах торгон мөчдөө “Би дэлхийд Монголынхоо соёлыг таниулахын төлөө дотроо үргэлж шатаж явдаг. Монголынхоо үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ард түмний соёл, заншлыг сурталчилж, баримтжуулахын төлөө ямагт зүтгэнэ” хэмээн хэлсэн байна. Хэчнээн холд нислээ ч эргээд буух цор ганц газар нь сэтгэлдээ тээн явах эх орон нь гэдгийг илэрхийлжээ. 

Хүүхэд байхдаа жүжигчин болохыг хүсдэг байсан Б.Март МУИС болон Радио телевизийн дээд сургуульд суралцаж, сэтгүүлч болсон түүхтэй. Тэрбээр энэ тухайгаа “1990 онд ардчилалд шилжих үед манай улсад байдал тогтворгүй байсан. Энэ нь намайг телевизийн сургуульд явахад түлхэц болсон” хэмээн дурсдаг аж. Дэлхийн дайтай  уран бүтээлч гэдгээ удаа дараа нотолж яваа тэрбээр өдгөө  Английн нийслэл Лондон хотод нөхөр гурван охины хамт амьдардаг бөгөөд тэнд суурьшсанаасаа хойш 10 жилийн хугацаанд Хартфордширын Их сургуульд Кино, телевизийн бүтээл чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалжээ. Дараагийн удаа мартагдаж буй өв уламжлалаа хадгалж яваа малчны тухай баримтат кино бүтээхээр ханцуй шамлан орсон тухайгаа шагнал авах үедээ мэдээлсэн байна. Эх орон, элэг нэгтнүүд чинь ханцуй мушгин хүлээж байгаа шүү. Амжилт хүсье, найруулагч аа.