Бидний үр хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад зориулах 5.4 тэрбум төгрөгийг “их байна” гэж хассан дарга нар ямаанд мөнгө өгөх ёстой гэж шийдвэр гаргаж билээ. Хүүхэд бүхэнд өгч байгаа 20 мянган төгрөгийг улсын төсвийн дарамт хэмээж, нийт хүүхдийн 80 хувьд өгөхийн тулд бүтэн жил хэрэлдсэн гишүүд утаагүй зууханд хэдэн зуун тэрбумаар нь мөнгө өгч байлаа. Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс мөнгө хасч, жилд ердөө нэг тэрбум л төгрөг төсөвлөдөг УИХ-ын гишүүд 30.000 төгрөгийн үнэтэй янданд 500 мянган төгрөгийн цахилгаанаар ажилладаг шүүлтүүр тавихаар 54 тэрбум төгрөгийг ирэх онд төсөвлөхийг харахаар энэ улсад амьдарч байгаадаа ичиж, бас ямаанаас дор үнэлэгдэж буй ядарсан ард түмнээ өрөвдөх шиг. Цэцэрлэгийн хүүхдийн идэх хоолонд нэг өдөрт зарцуулдаг 1650 төгрөгийг их байна хэмээж, нэмэхээс татгалздаг улстөрчид нь утаа бууруулах бизнест зориулж 146 тэрбум төгрөгийг зөвхөн нэг жилд зарцуулахаар шийдлээ гээд бод доо.
Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2019 онд 50 хувь бууруулчихсан атлаа өөрийнхөө тойрог, бүр цаашилбал өөртөө зориулж таван тэрбум төгрөг улсын төсөвт суулгажээ, тэд. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн “төсвийн цайрсан хулгайч” нар ингэж л ядарсан ард түмнээ доромжилж сууна. Өмнө нь бид 150 гаруй мянган утаагүй зуух тарааж үзсэн түүх бий. Нөгөөх нь орон нутаг дамжин дамлаж зарагдаад дуусч байлаа. Гэтэл одоо утаагүй зуухныхаа янданд шүүлтүүр тавих гэнэ. Ердөө л зургаан жилийн өмнө буюу 2012 онд шүүлтүүр тавихыг НИТХ-ын дарга Д.Баттулга Гандан орчмын айлуудад туршиж үзээд амжилтгүй болсныг бид өмнөх нийтлэлээр онцолж байсан, энд дахиад ч сануулъя. Туршаад үзчихсэн зүйл юм шүү, Н.Цэрэнбат сайд аа. Энэ жилийн тухайд 54 тэрбум төгрөгөөр нийт 100 мянган айл, 3000 нам даралтын уурын зуухны янданд шүүлтүүр тавихаар болжээ. Шүүлтүүр оруулж ирэх, түүнийг суурилуулах компани, ажилчдын цалин зэргийг хасч тооцлоо гэхэд нэг шүүлтүүр нь хамгийн багадаа 300 мянган төгрөг гэсэн үг. Харин захаас нэг янданг нь 30-40 мянган төгрөгөөр авдаг.
Зуухтайгаа нийлээд ч 150 мянгаас хэтрэхгүй. Тэгж тооцвол зуухнаасаа үнэтэй шүүлтүүрээр утааг арилгана гэж эрх баригчид тооцсон байгаа юм. Мөн шүүлтүүр нь цахилгаанаар ажиллах бөгөөд нэг айлын цахилгааны сарын төлбөр багадаа 50 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ. Энэ мөнгийг иргэд хаанаас олох вэ. Сарынхаа нүүрсний мөнгийг чадан ядан аргалж буй айл өрхүүд янданд нь суурилуулсан ид шидтэй “төрийн шахаа”-ны төлөө 50 мянган төгрөг нэмж цахилгаанд төлөх үү. Энэ мөнгийг нь бас төр гаргах хэрэг үү. Утааг бууруулж байгаа эсэхийг туршихын тулд смарт аппликейшн, бар код зэргийг өгөх гэнэ лээ. Үүнийг нь цахилгаан түгээх сүлжээ компани хянах аж. Гэвч шөнөөр тог тасарчихвал тэр айл угаартаж үхэх үү. Тогоо хэмнэх гээд тасалчихвал төр очиж хариуцлага тооцох уу, бас дамлаад зарахгүй гэсэн баталгаа хаана байна. Нэг шүүлтүүрт хэдэн жилийн баталгаа өгөх вэ. Насан туршид л лав биш. Өвлийн улиралд арайхийн тог таслачихгүй тэсч байдаг эрчим хүчний салбарт шүүлтүүр тавьснаар ирэх ачаалал дарамт болох нь тодорхой. Энэ мэтээр төрийн үргүй зардлыг нэмсэн яндангийн шүүлтүүр асар их эсэргүүцэлтэй тулгарч байна. УИХ дахь хоёр намын бүлэг хүртэл дэмжихгүй гэх байр суурь илэрхийлж, МАН-ын бүлэг нь сайдыгаа огцруулах талаар ярьж эхлэв. 100 мянган айлд шүүлтүүр тавихын тулд зарцуулах 54 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ гэдгийг уншигч танд маш энгийнээр ойлгуулах гэж хичээе.
4000 айлын урьдчилгаа төлбөрийг шийдэх боломжтой
Шинэ суурьшлын бүс буюу төрийн хөрөнгөөр баригдаж буй “Шинэ Яармаг”, “Буянт-Ухаа-2” хороололд 39.30 ам.метр квадрат хоёр өрөө байр буюу 53 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд 1000 айлыг оруулж болж байгаа юм, энэ мөнгөөр. Ингэсэн тохиолдолд гэр хорооллын яндангийн тоо 1000-аар буурч, өнөөх шүүлтүүр тавиад, утаагүй зуух тараагаад ч буурахгүй байгаа утааг бодитой бууруулах боломжтой. 1000 айлд хүүгүй зээл хэлбэрээр олгочихлоо гэхэд эргээд орж ирэх мөнгөөр нь дахиад энэ тооны айлыг орон сууцаар хангах боломж бас байна. Мөн 4000 айлын орон сууц бариад, урьдчилгаа олж чадахгүй зүдэрч яваа олон мянган залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадуудаа нэг удаа тэтгэмж болгон урьдчилгааг нь өгөх боломж бас бий. Шүүлтүүрээс гадна өнөө жил утаатай тэмцэхэд зориулж төсөвлөсөн 146 тэрбум төгрөгөөр төр метр квадрат нь 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 3000-4000 айлын орон сууц барьж, эсвэл барилгын компаниудаас худалдаж аваад боломжийн нөхцөлтэйгөөр иргэдэд борлуулж болно.
Урьдчилгааг тэдэн жилийн хугацаанд түрээслэх явцдаа бүрдүүлэх, дараа нь банкны шалгуурт орох зэргээр уян хатан нөхцөл санал болгож чадвал жилийн хугацаанд л гэр хорооллын янданг 4000-аар бууруулах боломжтой гэсэн үг. Харин Н.Цэрэнбат сайд “4000 айлыг орон сууцанд оруулах гэж хамгийн багадаа жил хүлээнэ. Тэгснээс богино хугацаанд ажил хийе гэж шийдсэн. Хятадын “Haier” брэндийнх учраас чанарын баталгаатай” хэмээн ярьсан байх аж. Гэвч, зах зээлд борлогдохгүй байгаа 36 мянган орон сууц бэлэн ашиглалтад орчихсон байхад “байр барихаар хугацаа алдана” гэсэн утга авцалдаагүй тайлбар нь хэрхэвч зөвтгөх тайлбар биш юм. Хятадын энэ брэндийн шүүлтүүр нь утааг бууруулчихдаг байсан бол Бээжин хот нь хүчилтөрөгчөө савлаж зарах хүртлээ туйлдахгүй байсныг төр засгийнхан бас бодож үзээ байлгүй.
Гэр хорооллын 4000 айл амины орон сууцтай болно
Утааг бууруулах гэсэн төр засгийн бодлого дандаа салангид явж буй. ТОСК, Нийслэлийн орон сууц корпорациас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, мөн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас хэрэгжүүлэх “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв“-ийн ажил цөм тус тусдаа хэрэгжиж байх юм. Гэтэл эдгээр төслөө нэгтгээд, хөрөнгө мөнгөө зөв төсөвлөж, шат дараатай хэрэгжүүлж чадвал жилд 146 тэрбумыг утаанд зарцуулахгүйгээр яндангийн тоог цөөлөх боломж хангалттай байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тухайлбал, яндангийн шүүлтүүрт зарцуулах 54 тэрбум төгрөгөөр гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдлээ гэхэд 4000 айл цэвэр бохирын шугамд холбогдож, дулааны асуудлаа ч шийдчихнэ. Эзэмшил газартаа өөрийн хүссэн амины орон сууц, хаусаа барьж амьдрах боломж бүрдэх юм. Түрээсийн орон сууц барилаа гэхэд л 2000-2500 айлыг оруулах боломжтой гэдгийг захын тэнэг хүн ч ойлгох билээ.
200 мянган айл цахилгаан халаагуур авах боломжтой
УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн твиттер хуудсандаа “Энэ мөнгөөр 200 мянган айл тус бүрт хоёр ширхэг цахилгаан халаагуур өгч хүрэлцэнэ. 220-оор ажиллана. Нэмэлт дэд бүтэц шаардлагагүй. Шөнө хаягддаг үнэгүй эрчим хүчээ ашиглана” хэмээн жиргэжээ. Бас л нэг санаа. Шүүлтүүр цахилгаанаар л ажилладаг. Нам даралтын уурын зууханд тавих шүүүлтүүр нь 3000 квт цахилгаанаар ажиллана. Харин гэр хорооллынх нь түүнээс арай бага. Хамгийн багаар бодоход л өрхийн цахилгааны хэрэглээ 50 мянгаар нэмэгдэх тооцоо бий. Тухайн айл сардаа тогны мөнгөнд 100 мянгаас дээш төлбөр төлнө гэсэн үг. Харин төр 54 тэрбумаар 200 мянган айлд цахилгаан халаагуур авч өгөөд, тогны мөнгө дээр нь хөнгөлөлт эдлүүлчихвэл илүү бодит ажил болж чадах билээ. Шөнийн хөнгөлөлтөө шударгаар эдлүүлчихдэг байвал шөнөөр үнэгүй хилээр гаргаж байгаа эрчим хүчээ зөв ашиглах боломж бүрдэх юм. Энэ мэтээр маш олон зүйлд зарцуулж болно. Утаанд зарцуулж буй 146 тэрбумаа хоёр жил хав дарахад л цахилгаан станц барьчихаж дөнгөнө. Тэр цагт гэр хорооллын цахилгааныг үнэгүй шахам болгочихвол утааны асуудлыг шийдэх боломжтой гэх санаа ч зарим хүмүүсээс гарч байна. Утааны шүүлтүүртэй маск, шүүлтүүртэй яндан хоёр юугаараа ялгаатайг тайлбарлаж чадахгүйгээс хойш шүүлтүүртэй маск тараачихвал сайдын хэлсэн шиг богино хугацаанд хийж буй хамгийн бодит ажил ч болох билээ.