ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Австралид хүчингийн хэрэг үйлдсэн гэх иргэн А-г хэрэгт холбоогүй болохыг тогтоожээ

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын иргэн А, түүний гэргийг ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ. Эргэн сануулахад Монгол Улсын иргэн А-г 2026 оны зургаадугаар сарын 03-ны өдөр Австралийн Сидней хотын цагдаагийн байгууллага саатуулж хүчингийн хэрэгт буруутган шалгах болсон.

Иргэнийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байж, сэтгэл санааны болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор тус Элчин сайдын яамнаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэн болон түүний гэр бүлийнхэнд байнгын анхаарал халамж тавьж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж иржээ. Мөн энэ хугацаанд Австралийн холбогдох хууль сахиулах болон шүүхийн эрх бүхий байгууллагуудтай удаа дараа харилцаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан болно.

Элчин сайдын яамнаас Австралийн талын цагдаа, прокурор, шүүхийн байгууллага болон өмгөөлөх талтай тогтмол холбогдон шуурхай ажилласны үр дүнд 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сидней хотын орон нутгийн шүүх хуралдаж манай иргэнийг энэ хэрэгт огт холбоогүй болохыг тогтоож, цагаатгах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг иргэд Та бүхэндээ албан ёсоор мэдэгдэж байна.

Ийнхүү хилс хэрэгт гүтгэгдсэн асуудал дууссан тул өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн А нь гэр бүлийнхээ хамт Канберра хотод хүрэлцэн ирж Монгол Улсын Гадаад харилцааны яам, тус Элчин сайдын яамнаас үзүүлсэн бүх талын туслалцаанд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.