ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Тэмүүлэн: Тахарын албыг эргэн сэргээж, институц хэлбэрээр хөгжүүлнэ

O.Admin
20 минутын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газраас иргэний эрхийг хамгаалахтай холбоотойгоор,

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга

-Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга гэсэн 2 чухал хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийлээ.

Г.Тэмүүлэн сайд ярихдаа "2013 онд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг илүү иргэний эрхийг хамгаалах, баталгаажуулах чиглэлд шинэчилж, найрууллаа. Гэрч, хохирогчийг хамгаалалтад авах, түүнтэй холбоотой хариуцлага, шүүхийн аюулгүй байдал, алба бий болгох шаардлагатай байгаа. Хуучин Тахарын алба байгаад татан буугдсаныг илүү бие даасан институц хэлбэрээр хөгжүүлэх юм.

Шинэ хуулиар гэрч, хохирогч, сэжигтэн яллагдагч, шүүхээр орж байгаа шүүгдэгч болон тухайн хүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, шинжээч, мэргэжилтэн, шүүгч, прокурор, мөрдөгч нарыг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Нэмээд шүгэл үлээгч иргэнийг хамгаална.

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулиар хууль бус зөрчлийг мэдээлэх эрхийг хуулийн хүрээнд бий болгоно. Шүгэл үлээгчийг дэмжиж, хамгаалж, урамшуулахаас гадна хариуцлагад татахгүй. Гэхдээ илт худлаа мэдээлэл, хуурамч баримтаар бусдыг гүтгэвэл хуулийн хариуцлага яригдах асуудал бас бий. Манай яамнаас гүтгэх гэмт хэргийг хуульчлахаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэргэжилтнүүд, иргэдийн саналыг авч, хуулийн төсөл боловсруулаад явж байгаа" гэлээ.