ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Барилгачин Батлан хамгаалахын сайд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-17

Маргааш манай улсад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу нь айлчлах гэж байна. Тиймээс энэ дугаарын “Өдрийн хүн”-ээр түүнийг онцоллоо Увс нуураас чанх хойд зүгт 100-гаадхан км-ийн цаана ОХУ-ын Тува улсын нутагт Чадан хэмээх жижигхэн хот бий. Тэнд өнөөгийн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд 1955 онд төрсөн аж. Мэдээж тэрбээр Тувагаас гарсан хамгийн алдартай эрхэм юм. Түүний эцэг нь тува хүн бол харин эх нь орос хүн билээ. Тэрбээр 1977 онд Красноярскийн политехникийн институтийг барилгын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээрээ 15 жил ажилласан барилгачин хүн юм. Магадгүй тэр үеийн барилгачин залууг өнөөдрийн Батлан хамгаалахын сайд болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй биз.

Түүний амжилт, алдрын зам шилжилтийн үе буюу  1990 оноос эхэлсэн юм. Тэр л үед Москва хотод архитектор, барилгын улсын хорооны орлогч даргаар томилогдон иржээ. Улмаар 1991-1994 онд ОХУ-ын иргэний хамгаалалт, онц байдлын улсын хорооны дарга, 1994-2012 он хүртэл ОХУ-ын Онц байдлын яамны сайдаар тасралтгүй 18 жил ажилласан байдаг. Энэ л хугацаанд санаанд багтамгүй амжилттай ажилласан тул түүнийг ОХУ-ын Баатар цолоор шагнасан юм. Сонирхолтой нь 1977 оны бэлтгэл дэслэгч цолтой байсан С.Шойгу, 1993 онд шууд хошууч генерал цол хүртсэн түүхтэй. Улс төрийн карерийн хувьд "Нэгдмэл Орос" намыг үүсгэн байгуулагчдын нэг. Мэдээж энэ л намд одоогийн ерөнхийлөгч В.Путин, ерөнхий сайд Д.Медведев нарын улс төрчид багтдаг.

Мөн тэрбээр 2012 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдох хүртлээ Москва мужийн захирагчаар хэсэг хугацаанд ажиллаж байсан түүхтэй. Энэхүү Тува эр цэрэг зэвсгээрээ дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа Зэвсэгт хүчнийг шинэчлэх бодлого, чиглэлийг бодит амьдралтай нийцүүлэн өөрчилсөн нь түүнийг улсынхаа хамгийн нөлөө бүхий улстөрчийн нэг болгосон юм. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг залгамжлагч гэж олны дунд ярьдаг бөгөөд энэ нь ч ортой гэдэг нь батлагдаж саяхан явуулсан судалгаагаар ард түмнээсээ хамгийн өндөр үнэлгээг авсан билээ. Ийм л эрхэм манай улсад айлчлах нь ээ.