ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үерийн далангийн бүсэд 1000 гаруй айл амьдарч байна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-17

Нийслэл хотод үерийн далангийн бүсэд 1000 гаруй айл амьдарч байна. Тэд өөрсдийгөө эрсдэлд оруулахаас гадна далан шуудууг бохирдуулж хогийн цэг болгодог аж. Иймээс Геодези, усны барилга байгууламжийн газар энэ сард “Үерийн далан эзэнтэй” аян эхлүүлээд байна.

Аяны хүрээнд далан шуудууг цэвэрлэж, хориглосон бүсэд зөвшөөрөлгүй буусан газруудыг нүүлгэх юм. Гэвч зарим айл өрхүүд эрх бүхий байгууллагын шаардлагыг хүлээж авдаггүйн зэрэгцээ зөвшөөрөлгүй хашаагаа тэлж үерийн далантай тулгасан байна. Тиймээс зөрчил гаргасан айл өрхүүдийг албадан нүүлгэжээ.

Улаанбаатар хотод 51 байршилд нийтдээ 140 километр урт үерийн далан суваг байдаг аж. Далан сувгуудын ихэнх нь 1980-1990 оны хооронд баригдсаны зэрэгцээ тэдгээрийн 70 орчим хувь нь эвдэрч шаардлага хангахгүй болоод байгаа аж. Нийслэлийн төсөвт жил бүр далан цэвэрлэх хөрөнгө төсөвлөдөг ч шинээр барих, шинэчлэн засварлах ажилд хөрөнгө мөнгө төсөвлөдөггүйгээс хүндрэл үүсчээ. Энэ жил 100 жилийн давтамжтай тохиодог үер болох эрсдэлтэй байгаа тул  дээрх аяныг өрнүүлж байгаа аж. Хэрвээ гэнэтийн үер болсон тохиолдолд бүх үерийн далан шуудуу дүүрч, хот бүхэлдээ усанд автахаар нөхцөл байдалтай байгаа юм байна.