ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Том амлагч”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-18

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ. Улаанбаатарын утааг яндангийн шүүлтүүртэй хамтраад 50 хувь хүртэл бууруулна хэмээн амлаж байгаа тэрбээр, агаар, хөрс, усны бохирдлыг цогцоор нь хариуцдаг тус хороог удирдах ажилд түүртээд байхгүй биз. 100 мянган айлын янданд цахилгаан шүүлтүүр тавьж, нийслэлийн утааг бууруулна хэмээн 2019 оны улсын төсвөөс  54 тэрбумыг зориулахаар боллоо. Ингэснээр агаарын бохирдол 50 хувь буурна гэдэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бат итгэлтэй байгаа юм.

Тэрбээр “Энэ өвөл утаа буурахгүй бол хариуцлагыг нь би хүлээе” хэмээн ам гарлаа. Утааны улирал хэдийнэ хаяанд ирж, цээж, хоолой хорсоод эхэлчихсэн ч гэлээ эрхэм сайдын зоригтой амлалтад сэтгэл тайвшран хүлээж сууна. Аливаа зүйл найдвартай нь дээр шүү дээ, сайд аа. Нэгэнт л хариуцлага хүлээнэ гэж амласан юм чинь яндангийн шүүлтүүрт зориулах 54 тэрбум төгрөгөө хувиасаа гаргаад улсын төсөвт байршуулчих. Ард түмэн бидний утаа арилна гэсэн итгэлийг бодсон ч тэр, улсын төсвийн гарз, гарлагыг бодсон ч энэ бол хамгийн бодит алхам болно. Эрх мэдэл бүхий зарим эрхмүүд ч 54 тэрбумыг эскроу дансанд байршуулчихвал, хариуцлага хүлээнэ гэдэгт итгэнэ хэмээн олон нийтийн сүлжээгээр бичсэн байна билээ.

Муугаар бодоход олон тэрбум төгрөгөөр шүүлтүүр суулгалаа гээд агаарын бохирдол буурахгүй бол яах вэ.  Хариуцлага хүлээж байна гээд, албан тушаалаа өгөхөөс хэтрэхгүй бол хэрхэх билээ.Амласан хэрэг бүтэхгүй бол энэ мөнгийг ард түмэнд чиглэсэн өөр ажилд зарцуулсан бол эрхэм сайдын албан тушаалаас илүү ард түмэнд хэрэгтэй байх бус уу. 2017 оны өвөл Н.Цэрэнбат сайд багагүй бангадуулсан тул нэгийг бодож, хоёрыг тунгаасны эцэст ийнхүү ам гарсан биз. Худлыг хойно, хусранг хавар гэдэг дээ. Сайдын амлалтыг үзэх мөч ойрхон байна,  тайвширцгаая.