“Х-түц” продакшны захирал, жүжигчин Н.Онон саяхан “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Монгол түмний сэтгэлд хошин урлагийн алиа марзан, донжлог дүрүүдээрээ хайрлуулж, хүндлүүлсэн түүнийг бизнесийн байгууллагын олон нийтийн зөвлөлд “цохиж” явахыг хараад гайхаж, шүүмжлэх хүн олон байв. Гэлээ ч тэрбээр тус компанийн цахим шүүлтүүрийг давсан 54 нэр дэвшигчдийн дундаас 26111 санал авч, зөвлөлийн есөн гишүүний тоонд багтаж, “Олон нийт, нийгмийн хариуцлагын байнгын дэд зөвлөл”-ийн гишүүнээр сонгогдсоныг бодоход түүний шинэ статусыг дэмжих хүн ч байгааг харуулж байгаа юм.
Түүнийг авьяаслаг уран бүтээлч, чамгүй мэргэн шүүгч гэдгээр нь мэдэхээс бус бизнесийн салбарт хэн байх байх вэ гэдгийг төсөөлөхөд бэрх юм. Цахим орчинд шинэ албан тушаалынх нь талаар цомхон мэтгэлцээн ч болоод амжлаа. Хошин урлагийн салбарын ноён “шонхор”, өөр нэг салбарт шинэхэн орсон болжмор болоод байгааг эвлүүлж ойлгох гэж л тэр. Тоон дотор үсэг гэгчээр жүжигчин хүн энэ зөвлөлд юу хийж явна хэмээн шүүмжлэх хүн олон хэдий ч бөхчүүд төр түшилцэж болоод байхад яагаад бизнесийн байгууллагад хүч үзэж болохгүй гэж вэ хэмээн мэлзэх нэгэн ч байна. Түүнийг хошин урлагийн элдэвтэй авьяаслаг жүжигчин гэдгээр нь хайрлаж хүндэлдэг учраас тэр төсөөллөөсөө түүнийг халахад тулгамдаад байгаа бололтой. Энэ салбарт түүнийг хэн байхыг мэдэхгүй ч урлагийн алтан тайзны тоотой хэдэн “шонхор”-уудын нэг гэдэгт хэн ч маргахгүй юм. Амжилт, алдаа алин болохыг дүгнэхэд эрт байна.