ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Том зорилгын эзэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-23

БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хурлаас “The International Woman Entrepreneurial Challenge” шагнал хүртсэн Д.Тунгалаг бүсгүйг “Өдрийн хүн”-ээр нэрлэж байна. Тэрбээр, үндэсний шилдэг “Урбан” брэндийг үүсгэн байгуулагч бөгөөд “Денимон” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг аж. Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмждэг энэхүү байгууллага нь АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй бөгөөд эмэгтэйчүүдийг олон улсын зах зээлд ажиллах боломжоор хангадаг байгууллага.

2007 оноос хойш тасралтгүй 11 жил хурлаа хийж, эмэгтэйчүүдээ дэмжиж ирсэн түүхтэй аж. Дэлхий дахинаа бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй 291 эмэгтэй энэхүү хүндтэй шагналыг хүртсэн байдаг. Харин  манай улсаас бизнесмэн хатагтай Д.Тунгалаг анхдагч болов. Тэрбээр, АНУ-д хэсэг хугацаанд амьдарч байсан бөгөөд анх бизнесийн санаагаа 2009 онд олж байжээ. Гурван оёдолчинтой, байрны подваль түрээслэн эхлүүлж байсан жинсэн өмдний бизнесээ есөн жилийн хугацаанд дотооддоо таниулж, өдгөө дэлхийн зах зээлд гарахад бэлэн болсон нь бахархалтай.

Эхний гурван жил зөвхөн жинсэн өмдний загвар, хийц, угаалт, цайралт зэргийг судлах ажилд зарцуулж байсан “Урбан” брэнд өдгөө жинсэн өмднөөс гадна цамц, үндэсний дээл, намрын пальто, өвлийн куртик үйлдвэрлэж, дотоодын хэрэглэгчиддээ хямд үнээр худалдан борлуулж байна. Д.Тунгалаг анх бизнесээ эхлүүлсэн талаар ярихдаа “Ямар төрлийн бизнес байх нь хамаагүй. Хамгийн жижиг цэгээс том алхам үүсэх учир жижиг цэгтээ өөрөө бүтээгдэхүүнээ хамгийн сайнаар хийх ёстой” хэмээн ярьж байжээ. Тийм ээ, жижгээс томыг эхлүүлж, эх орныхоо үндэсний үйлдвэрлэлд гар бие оролцож яваа шавилхан атлаа холыг харж чадсан том зорилготой бүсгүй танд амжилт хүсье.