“Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргасан нэг бус тендерт Эрчим хүчний яамны сайд асан М.Сономпил холбогдож, авлига авчээ. Түүнчлэн Эрчим хүчний яамнаас Дарханы “ДЦС”-ын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулсан бөгөөд М.Сономпил өөрийнхөө “Залуу Монгол” ТББ-ын дансаар 264 сая төгрөгийн авлига авсан нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоосон” гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ талаар түүнтэй холбогдож, “таван үг” солилоо.
-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Таныг “Хотгор зам” ХХК-иас 264 сая төгрөгийн авлига авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй. Сонсоогүй л юм байна.
-АТГ-ын шалгалтаар авлига авсныг тогтоосон гэж байна?
-Би тэр талаар ёстой мэдэхгүй байна. Надтай хамааралгүй асуудал байх. Намайг өөр асуудлаар шалгасан шүү дээ. “Амгалан” дулааны цахилгаан станцын асуудлаар АТГ-аас шалгасан. АТГ-аас авлигын асуудал байхгүй гэдгийг тогтоосон байгаа.
-Дээрх асуудал тэгээд ямар учиртай юм бэ?
-Би үнэхээр мэдэхгүй юм. Ямар учиртай ийм мэдээлэл гарсныг сайн мэдэхгүй л байна. Янз бүрийн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гардаг. Тэдний нэг нь юм байгаа биз дээ.
-“Амгалан” ДЦС-ийн асуудал юу болсон бэ?
-АТГ-т очоогүй жил болж байна. Тухайн үед шалгуулаад, асуудал нь прокурор руу явсан. Асуудал бүрэн хаагдаагүй, прокурорт байгаа.