“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэрийг гаргажээ. Магадгүй энэ шийдвэр нүдээ олсон байхыг үгүйсгэхгүй. П.Ганхүү нь 2016-2017 оны аравдугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажиллахдаа салбартаа мэргэшсэн мэргэжлийн сайд гэсэн тодотголтой, олон нийтээс боломжийн сайн ажилласан гэсэн үнэлгээтэй сайдын албыг хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал, “Улаанбаатар хамгийн хүйтэн хотуудын тоонд багтдаг. Хамгийн гол асуудал бол айл өрхүүдийн дулааны асуудал. Тиймээс өнөөгийн байгаа төвлөрсөн дулаан хангамжийн системийг шийдэх нь чухал. Тиймээс ДЦС–III-ын өргөтгөлийг хийхээр болсон.
Энэ нь цаг хугацааны, дулааны тооцооллын, байршлын хувьд ч хамгийн оновчтой байж болох хувилбар” хэмээн тодотгож, мэргэжлийн хүний ур чадварыг эрчим хүчний салбарт гаргасан нэгэн. Нөгөөтэйгүүр, түүний эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлага багадахгүй. Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын төвшинд ажилласан бөгөөд эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй юм. Тодруулбал, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн аж. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хариуцлагатай албанд томилогдсон түүнээс монголчууд 1072 хувьцаа амилж үр өгөөжөө өгөхийг, энэ компани ашигтай ажиллахыг, хөрөнгийн биржид гаргахыг илүүтэй хүсч, шаардах болно. Энэ бол албан тушаалын томилгоо биш. Харин асар их үүрэг хариуцлага гэдгийг анхаараарай. Олон нийтэд хүлээлт үүсгэсэн дээрх ажлыг амжилттай хийж чадвал П.Ганхүү азтай, одтой, ирээдүй улстөрчийн тоонд зүй ёсоор багтаж мэднэ.