УИХ-д тун ч хоржоонтой үгтэй улстөрч нэг бий. Тэр нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Олон ястны өлгий нутаг Ховд аймгийн иргэдийг төрд төлөөлж суугаа тэрбээр чуулганы танхимд хоржоонтой, егөөдсөн үг хэлж, МАН-ын гишүүдийг мад тавьж суух нь олонтай. Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүн өчигдөрхөн “Би сэтгүүлчийг хэзээ ч шүүхэд өгөхгүй. Тэд миний талаар буруу, зөрүү ташаа мэдээлэл тавьсан ч заргалдахгүй” хэмээн ярьжээ.
Хэлсэндээ хүрээрэй, гишүүн ээ. Тэрбээр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга байхаасаа л сэтгүүлчдэд ээлтэй нэгэн байсан. Сайн, муу олон шүүмжлэл, гүтгэлгийг ажралгүй өнгөрч байлаа. Багш мэргэжлээрээ чамгүй олон жил ажилласан юм билээ. Тиймдээ ч сүүл толгой холбож байгаад шүүмжлэлээ даацтай хэлчихдэг нэгэн. Өөрөө ч тун хоржин үг хэллэг ашигладаг учраас сэтгүүлчийн бичсэн нийтлэл, шүүмжлэлд тэгтлээ ач холбогдол өгдөггүй нь авууштай зан юм. Сэтгүүлчийн бичсэн шүүмжлэлээс тусгаж авахыг нь аваад, бас хаяж сурна гэдэг хэр баргийн улстөрчид байдаггүй зан чанар биз ээ.
Энэ зарчмаасаа ухрав, гишүүн ээ. Бас бусад гишүүд ч түүнээс үлгэр дууриал аваасай. Улстөрчдийн талаар баримттай мэдээлэл гаргасныхаа төлөө олон сэтгүүлч байцаагдаж, 2-20 сая төгрөгийн торгуульд унаж, зарим нь ял сонсох шахлаа. Өөрсдийнхөө талаар сайн муу, саар мэдээлэл гаргуулахгүй гэсэн гишүүд Зөрчлийн хуулиар сэтгүүлчдийг дарамталж, амыг нь барих гэж хичээх болсон. Ерөөс энхийн цагаан тагтаа хэмээн өөрийгөө магтуулах хүсдэг олон гишүүд Б.Пүрэвдорж гишүүнээс суралцдаг юм шүү.