УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр үргэлж үг хэлээд, мэдэх мэдэхгүй сэдэв яриад байдаггүй. “Монголчууд хэт тансаг амьдарч” ирсэн гэж хэлснийг эс тооцвол хэл амны бай болохоор зүйл ч ярьдаггүй. Бизнесмэн учраас аль болох мэдэх сэдвээ, бодолтой ярья гэж боддог ч байж болох. Харин сүүлийн үед тэрбээр ноцтой гэж хэлж болохоор асуудлуудыг дэлгэж тавьж, ярив. Байнгын хорооны хурлын үеэр “Би оффшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар Тавантолгойн IPO-г Хонконгийн биржээр гаргах шийдвэр гаргасан байна. Хонконг өөрөө оффшор бүс. Энэ оффшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү” хэмээн бухимдана билээ. Дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар гэдэг нөхөр хувийн компаниудыг дарамталдаг. Зургадугаар сард найман вагон унагасан. Үүнийг санаатай хийсэн. Би үүнийг мэдэж байна.
Хэн унагасан бэ гэдгийг нь мэднэ. Захиалгаар ийм зүйл хийсэн” хэмээн ноцтой гэмт хэрэг байж болохуйц зүйл ярилаа. Энэ үнэн үү, гишүүн ээ. Үнэн бол та маш ноцтой зүйлийг илчиллээ. Зоригтой ярилаа. Пүрэв, баасан гарагийн чуулганы үеэр ч энэ асуудлаа дахин ярьж, илчлэх юм гэсэн. УИХ-ын гишүүн хүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Энэ хамгаалалтаа ашиглаад, юу ч хамаагүй яриад байгаа бол утгагүй хэрэг. Харин үнэн мөнийг илчилж байгаа бол зоригтой уудлаад, яриад өгөх хэрэгтэй. Зөвхөн ярих төдий биш тийм хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалаас нь буулгахын төлөө тэмцэж, хариуцлага тооцуулах хэрэгтэй. Гэхдээ үнэн мөнийг ярьж байгаа бол яагаад өдий хүртэл нуучихаад одоо дэлгэж байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Чуулганы үеэр асуудлыг илчлэхдээ учраа хэлчихэд гэмгүй биз.