Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид “Илрүүлэлт, оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэр болон бусад дүүрэгт зохион байгуулалттай, бүлэглэн үгсэн тохирч бусдын орон байр болон дэлгүүр, автомашинаас эд зүйл хулгайлдаг дөрвөн бүлэг, 20 гаруй этгээдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Занабазар “Тухайн этгээдүүд 16-24 насны хүмүүс. Гурван бүлгээрээ явдаг. Эхнийх нь бага насны хүүхдүүдийг зодож биед нь халдаж, дээрэм хийдэг. 16 настай хоёр залуу байсан.
Дараагийнх нь болохоор бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг. Тухайн хоёр этгээд нь өмнө нь мөн хулгайн хэргээр 3-4 удаа ял эдэлж байсан. Мөн гурван эмэгтэй байгаа. Тэд дэлгүүрээс хулгай хийдэг” гэв. Тэд мөнгөний хэрэг гарсан, бусдад уруу татагдсан учраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх болсон гэж мэдүүлэг өгчээ. Мөн гэртээ харих гэж байсан юм. Найзуудтайгаа ярилцаад тохирчихсон учраас санаа нийлээд тамхи, архи зэргийг аваад явах гэж байсан хэмээн мэдүүлжээ.