ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийд данстай тамирчин

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-26

Дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж буй цөөхөн хэдэн салбарынхан бий. Цэргийнхэн, урлагийнхан, спортынхон гээд л бараг дуусна. Тэр дундаа эдгээр салбарын эмэгтэйчүүд  монгол эмэгтэй хүний оюун ухаан, тэсвэр тэвчээр, хатуужлыг ямагт дэлхий дахинд харуулж, монгол түмнийхээ бахархал нь болж байдаг билээ. Үүнийг нотлох нэгэн үйл явдал өнгөрөгч өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон юм. Тухайлбал, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд барилдсан Очирбатын Насанбурмаа тун одтой байж мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр О.Насанбурмаа дэлхийн дэвжээнд Монголын нэрийг төлөөлж, барилдаж, таван удаа медалийн төлөө тунан үлдэж, дөрвөнтээ энгэртээ медаль зүүж эх орон, ард түмэн, элгэн саднаа баярлууллаа. Түүнээс өмнө манай улсад олимпын спортын төрлийн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн тамирчин хараахан байгаагүй бөгөөд О.Насанбурмаа хүртэж чадлаа. Энэ амжилтаараа Монголдоо анхдагч болж, түүхэн амжилтын эзэн боллоо. Долоон хүүхэдтэй айлын отгон, эдүгээ 30 насны босгон дээр яваа түүний медалийн цуглуулгад ганцхан олимпын медаль л дутуу байна. Тиймээс энэ удаа авсан мөнгөн медаль нь эрч хүч бэлэглэж, ирэх 2020 оны Токиогийн олимпоос медаль авах урам зоригийг өгсөн гэдэгт итгэж байна. Түүний энгэрээс хүртэж үзээгүй олимпын медаль, тэр дундаа алтан медаль гялалзаж Төрийн дууллаа эгшиглүүлэх болтугай.