Хулгайчид хулгайгаа нуухын тулд “хулгайчийг бариарай” хэмээн орилдог гэдэг. Түүн шиг дараа оны төсвийн төслийг өргөн барьж, хэлэлцэж буй энэ цаг мөчид төсвийн дуулианыг дарахын тулд ЖДҮ-ийн зээл гэдэг зүйлийг ил болгоод өөрсдөө хойно нь нуугдан үлдэж байхыг үгүй гэх газаргүй юм. Өөрөөр хэлбэл том “хулгайч”-д өөрийнхөө хийсэн хэргийг дарахын тулд жижиг “хулгайч”-ийг зааж өгч хэргээ далдалдаг шиг юмдаг уу даа. Түүнийгээ хийхийн тулд төрийн томоохон хүчний байгууллагыг ашигласан байж ч болох аж.
Тухайлбал, 2019 оны төсвийн төсөлд УИХ-ын хөрөнгөлөг гишүүдийн нэг, өмнөх Засгийн газрын Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Нарны хороолол”-д барьсан сургууль, цэцэрлэгээ улсад 15.4 тэрбум төгрөгөөр шахахаар оруулж иржээ. Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барихад дунджаар 4-5 тэрбум байдаг бол Б.Чойжилсүрэнгийн сургууль, цэцэрлэг 15.4 тэрбум төгрөгийн үнэтэй. Манайхан харин жижиг жараахайг нь харж “загас, загас” хэмээн орилолдох атлаа том акулыг харсан ч жараахайн дайтай ч орилохгүй нь харамсалтай юм. Тийм л том акулуудын нэг нь Б.Чойжилсүрэн аж. Сангийн сайд байхдаа өөрийн эзэмшдэг 27 хувийн компанийхаа нэгд НӨАТ-ын буцаан олголт хэмээн 18 тэрбум төгрөгийг өөрөө гарын үсэг зуран олгосон гэх дуулиан гарч байлаа.
Асуудал дагуулсан Тосон бумбын нуруунд лиценз эзэмшдэг гээд үнэхээр том эр л дээ. Тэр бүү хэл УИХ-ын гишүүнийг хүртэл “гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ” хэмээн заналхийлж чаддаг “цөстэй” эр. Сүүлд нь хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлахдаа “эр хүмүүсийн хооронд болсон жижиг тоглоом байсан юм” хэмээн тайлбарлаж билээ. Түүн шиг удахгүй ах нь сургууль, цэцэрлэгээ 15.4 тэрбум төгрөгөөр шахах гээгүй юм “тоглож байсан юм” гээд таван тэрбумаар өгчихөөсэй. Даанч үгүй л болов уу. Том хулгайчид том хулгайлдаг л даа.