“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэчлэгдэж эхэллээ. Компанийнхаа статусыг өөрчлөхийн тулд багагүй ажлыг эхлүүлээд байна. Тэд нээлттэй хувьцаат компаниас эхлээд иргэдийн эзэмшлийн 1072 хувьцааг амилуулах, олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах гэх мэт зүйл “Эрдэнэс Тавантолгой” компаниас шууд хамаарах юм. Тиймээс энэхүү өөрчлөлтийн эхлэл болгож, “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн 11 гишүүнийг албан ёсоор томилж, баталгаажуулжээ. Харин ТУЗ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Баяраа толгойлохоор болсон юм.
Түүнийг ТУЗ-ийн даргаар сонгоход олонхоороо дэмжсэн бөгөөд ажлаа нэр төртэй гүйцэтгэнэ гэх хүндтэй үүргийг түүнд даалгасан байх. Тэрбээр 2000 оноос УИХ-ын тамгын газарт мэргэжилтэн, 2006 оноос Японы олон улсын “Жайка” төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2009 “Эм Ти Си Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2011 Хөгжлийн банкинд ахлах мэргэжилтэн, 2016 Сонгинохайрхан дүүргийн Боловсролын газрын дарга, ЗДТГ-ын дарга, 2017 оноос УУХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
Хэдийгээр ажлын туршлага буй ч энэ бол хариуцлагатай албан тушаал. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь цаашид Монгол Улсын эдийн засгийн эх үүсвэр болоод зогсохгүй иргэдийн амьжиргааг тодорхойлно. Түүгээр ч үл барам иргэн төвтэй, нээлттэй компани болох зорилттой. Монгол Улсыг дэлхийд гаргах уул уурхайн салбарын хоёр дахь төсөл. Та монголчуудын өмнө хүлээх хүндтэй үүргийн эзэн нь боллоо. Энэхүү зорилгыг биелүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгээрэй.