ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Том толгойт”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-01

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийнхөө “Тээвэр ачлал” ХХК-д гэр бүлийн хүний хамт 1.4 тэрбум зээл авсан нь олон нийтэд ил болсон билээ. Зүгээр ч нэг ил болоогүй баримтын хамт ил болов. Гэтэл энэхүү мэдээллийн хариу болгож, “Надад ямар ч компани байхгүй. Нэр төрд халдсан. Зөрчлийн хуулиар шалгуулна. Хууль хяналтын байгууллагад хандана” гэх зэргээр сүрдүүлгийн үг унагаж явсан түүнд Ерөнхий сайд болон намын бүлэг нь хэлэлцээд, ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ.

Ёстой даравч далдайна, булавч бултайна гэдэг зүйл Б.Батзориг сайдад тохиолоо. Төрийн мөнгийг хүрэх ёстой хүмүүст нь өгөлгүй, дээгүүрээ бялуу хуваасныхаа горыг тэр хүртэв. Түүнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө рүү гар дүрэх эрх байхгүй. Энэ бол Монгол Улсад үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх зорилготой жирийн иргэд болон аж ахуйн нэгж, хоршоодод очих ёстой санхүүжилт байсан юм. Гэтэл “том толгой”-той сайд нь салбартаа хөгжил авчрах ёстой санхүүжилт рүү гар дүрж, тойрон хүрээлэгч нартаа хүртээх нь  яавч зохистой үйлдэл биш юм.

Ийм зохисгүй үйлдэл гаргаснаараа өнөөдөр олон нийтэд муухай харагдаад зогсохгүй, шуналаа дийлдэггүй сайд нэр зүүлээ. Түүгээр ч үл барам намынхаа нэр хүндийг унагаж, сонгогч олныхоо итгэлийг бас алдлаа.  Тиймээс өөрийнхөө компанид авсан 1.4 тэрбум төгрөгийг эргэж төлөх ёстой. Түүнд давхар дээлээ тайлаад шидэх юу ч биш байж болох ч 2020 онд олны итгэлийг хүлээх, хүртэх  гэдэг зүйл үгүй болов. Шударга хүний дүрд тоглох гэсэн боловч, хуурамч багийг нь намын нөхөд нь хуулчихлаа. Бас өөрөө өргөдлөө өгч байна хэмээн шоудахаа мартсангүй.