Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж худлаа хийрхсэн, сүржигнэсэн хүн нэг байна. Монгол Улсын эдийн засаг өсөөд, тэнгэрт туллаа. Бид сайхан болгочихлоо гээд л өөрсдийгөө магтаж байгаа. Хаана байна, тэр сайхан өсөлт нь. Цаасан дээр эдийн засаг 6.3 хувиар өссөн харагдаж байгаа боловч ард түмний амьдралд юу наалдав. Төсвийн орлого давж биеллээ гээд хэн баяжив. Эрх баригчид өөрсдөө л баяжиж, янз бүрийн сангаар дамжуулан тэрбум тэрбумаар хүүгүй шахам зээл авч байна. 2019 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа.
Урьд өмнө нь байгаагүй сайн төсвийн төсөл боловсруулсан, боловсролтой, мэдлэгтэй залуустай ажилласан гээд л Сангийн сайд дэвээд буй. Гэтэл Увс аймагт 51 тэрбум төгрөг төсөвлөсөн. Зөвхөн өөрийнхөө тойрогт 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан талаар намынх нь гишүүд ярьж байна. Сангийн сайдын эрх мэдлээ ашиглаад, өөрийнхөө аймагт, тойрогт бусад аймгаас 5-10 дахин их мөнгө хуваарилснаа сайн гэж тодотгож болох уу. Твиттер хуудсаараа дамжуулж, ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсын төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан хэмээн дүгнэлээ” гэж жиргэсэн. Олон хүн өрийг өрөөр дарсныг дарамт буурсан гэж шоудахаа болихыг сануулсан байна билээ.
Сангийн яамнаас ЖДҮХС-гийн зээлд шалгалт оруулж байгаа гэв. Ч.Хүрэлбаатар сайд яг ном журмаар шалгалт хийгээд, хууль бусаар зээл авсан, эрх мэдлээ ашигласан намынхаа гишүүдийн нэрийг үнэнчээр зарлаж чадах уу. Шалгалт хийсэн дүр эсгээд, ном журмынх нь дагуу авсан, хууль зөрчөөгүй, албан тушаалаа ашиглаж нөлөөлсөн юм алга гэж аргалаад л өнгөрнө. Ингэж худлаа хийрхэхээ болио, Сангийн сайд аа. Өөрөө тойрогтоо асар их мөнгө төсөвлөж авч байж бусдын хулгайг дэлгэтэл зай ч байна, лай ч байна.