Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Гавьяат эдийн засагч Салдан агсаны отгон охин Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийг удирдах эрхийг намын гишүүдээсээ хоёр дахь удаагаа авав. Тодруулбал, АЭХ-ны тэргүүнийг сонгох сунгаа нэг сарын хугацаанд “Сэтгэлийн хүч” уриатайгаар өрнөж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр нэр дэвшигч эмэгтэйчүүд мөрийн хөтөлбөрөө танилцуулж явлаа. Улмаар аймаг, дүүргийн холбоог тэргүүлэх эмэгтэйчүүдийн тэргүүнээ ч олон нийтийн саналаар тодруулжээ.
Харин өнгөрөгч баасан гарагт нэлээд дуулиан шуугиантай С.Одонтуяа, тэргүүнээр сонголоо. Түүний хувьд хоёр өрсөлдөгчөөсөө 5382 оноогоор илүүрхэж холбоог даргалах эрхийг авчээ. Гэвч холбооны тэргүүнд өрсөлдсөн эмэгтэйчүүд ажлын туршлага гэх зүйл байхгүй, олон нийтэд танигдаагүй байсан учраас энэ сонгуульд С.Одонтуяа “өрсөлдөгчгүй” нэр дэвшигч байлаа хэмээн Баянзүрх дүүргийн АН-ынхан эсэргүүцэж багагүй л чимээ шуугиан тарилаа. Нэг өнцгөөс харвал энэ үнэн. Түүнтэй өрсөлдсөн Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан нарын тухайд олон нийтэд төдийлөн танигдаагүй. Зөвхөн аймаг орон нутагтаа л улс төрийн идэвхтэй байсан.
Харин С.Одонтуяагийн тухайд УИХ-д нэг удаа суучихсан, 2008 оноос улс төрд идэвхтэй нэгэн байлаа. Нөгөөтээгүүр, Санктпетербургт олон улсын эдийн засагч мэргэжил эзэмшсэн, өдгөө Баянгол дүүргийг даргалж байгаа гээд мэдлэг, чадварын хувьд гологдохгүй аж. С.Одонтуяа тэргүүнээр сонгогдсоны дараа “40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл, байгаль орчны асуудал, өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг олон асуудлыг хөндөж ажиллана” хэмээв. Энэ амандаа хүрч, эмэгтэйчүүдийн холбоогоо бэлгэдлийн төдий даргалахгүй гэж найдъя.