ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шударга царайлагч”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-06

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өчигдөр ард түмнээс уучлал гуйлаа. Тэрбээр “Олон түмнийг бухимдуулсан нь миний буруу. Би уучлал гуйж байна” хэмээн мэдэгдлээ. Нэгэнт зээл авсан нь тодорхой болсон, ямар ч булзах аргагүй баригдсан учир зарим гишүүд шиг “Би зээл аваагүй” гэж улаан цагаан мэлзсэнгүй. Зарим гишүүн шиг “Төлчихнө” гэж томорсонгүй, “Уучлал гуйхгүй” гэж бардамнасангүй. Тэр нь сайшаалтай хэрэг. Мань эр “Хас” банкнаас зээл аваад, ЖДҮХС-гийн зээлээ төлчихсөн гэж ярьж байна билээ. Тэрийгээ баримттай нь үзүүлж, ард түмэнд тайлагнана биз. Хэдийгээр Ж.Энхбаяр гишүүн бусад эрх мэдэлтэн, эвэр тууртан шиг ярвайж, томорч, загнаж, дээрэлхэж хандаагүй.

Ард түмнээс ч зоригтой уучлал гуйсан ч гэсэн шударга царайлаад өнгөрөх гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байна. Та үнэхээр шударга хүн юм бол ёс зүйн хариуцлага хүлээгээд, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад, саарал ордны зөөлөн суудлаа орхиод гарчихаач. Бусад гишүүдээ ч гэсэн үнэнээ хэлээд, эрх ямбаа хүлээлгэж өгөөд, ёс зүйн хариуцлагаа хүлээхийг уриалчих. Тэгвэл үнэхээр шударга болох гээд байна. Гишүүд өөрийн хамаарал бүхий компанийнхаа нэрээр ЖДҮХС-гаас зээл аваад, юу ч хийсэн байж болно.

Тэр нь улсад хэрэгтэй, хэрэггүй нь хамаагүй.  Гол нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой сангийн мөнгийг гишүүд 650 сая, тэрбумаар нь авсан нь байж боломгүй үйлдэл.  Одоо “Би чухал ажил хийсэн учраас асуудалд бодолтой хандаарай” гэсэн утгатай зүйл ярьж суух нь утгагүй. Түүний оронд зүгээр л ёс зүйн хариуцлагаа хүлээгээд, үлгэр жишээ үзүүлээд, улаан цагаан гүрийгээд байгаа хэдийгээ уриалаад бүрэн эрхээсээ татгалзаад, ажлаа өгчих. Тэртээ тэргүй ард түмэн танд хангалттай итгэл хүлээлгэсэн. Жинхэнэ утгаараа шударга байж чадвал дахиад саарал ордны арын хаалгыг татаж орох “тасалбар”-ыг чинь ард түмэн өгнө.