Энэ парламентад УИХ-ын гишүүн О.Баасанхүү сууж байгаа гэдгээрээ үе, үе өнгө нэмчих юм. Харагдах байдал гэхээс илүүтэй хэлэлцэж байгаа асуудалд арай өөр өнцөг гаргах, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан үг нь түүнийг сондгойруулдаг гэхэд болно. Тухайлбал, өчигдөр хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжив. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг ард түмнээсээ уучлалт гуй гэх мэтээр даалгавар өгч үүрэгдлээ. Зээлд хамрагдаагүй УИХ-ын гишүүд нь Б.Батзоригийг үзэн ядаж, жирийн иргэдийн талд оров. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаан хэлбэр төдийхөн өнгөрлөө.
Нэг нь хариуцлага хүлээж, бусад нь хариуцлагыг нь хүлээлгэсэн болоод асуудлыг хаахаар төлөвлөжээ, тэд. Найруулга муутайхан жүжиг байлаа. Гэтэл О.Баасанхүү гишүүн “Б.Батзориг сайдад биш. Энэ хүнийг ийм зүйл хийхэд хүргэсэн нам, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой шүү. УИХ-ын гишүүдийн гуйлтад орсон хүнээ одоо ингэж байгаа чинь ичгэвтэр санагдаж байна, Ерөнхий сайд аа. Эрх мэдлээ ашиглаж зээл авсан хүмүүс ч гэсэн хариуцлага хүлээгээч. Гэмшиж байгаа хүн нэг ч байхгүй байна. Харин ч эсрэгээрээ доромжлоод байна” хэмээсэн нь хэлбэр төдий хариуцлага, хоосон уучлалаар хэмжигдэж буй үйлдлийг онож хэлсэн үг байлаа. Хариуцлага гэхээр л албан тушаалаас нь чөлөөлөх, эсвэл хэлбэр төдий уучлалт гуйхаар хэмжээд яваа энэ үед ёстой л цагаа олсон шүүмжлэл байсан юм. Өөрөөр хэлбэл, хэлбэрээс илүүтэй асуудлыг бодит өнцгөөс харж, маскийг нь хуулж чадлаа.