ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шударга ёсыг дэргэдээсээ эхлүүлээрэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-12

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдийн амыг таглаж чадлаа. Гэхдээ тэр зүгээр ч нэг тагласангүй. Тэрбээр УИХ-аас баталж байгаа хууль, гишүүдийн мэдлэг боловсрол, өөрийгөө илэрхийлж байгаа байдал, ажилдаа хандах хандлага гэх мэт зүйлсийг олон нийтэд бодитоор нь харуулж чадсан юм. Учир нь УИХ-ын чуулганаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын саналыг хэлэлцэж, МАН-ынхан олонхийн саналаар авч  үлдэв. Тохироо ч тийм байсан. Үүнийг зөрчвөл МАН-ын авлигын сүлжээний гагнаас тасарч, хөгөө хөлдөө чирэх байлаа. Ингэж гэнэдэхгүйг ихэд хичээж, ичсэндээ баталсан хуулийнхаа эсрэг шийдвэрийг МАН-ынхан гаргасан юм.

Тэрбээр “Яллагдагчаар татагдсан Б.Батзориг УИХ-ын чуулганы танхимд зүгээр сууж байхад сайдын даалгавраар үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь цагдан хоригдож байна. Энэ шударга ёс мөн юм уу. Өөрсдөө алдаатай хууль баталчихаад чи хууль биелүүлсэнгүй гэдэг. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Шалгах боломжийг нь өгөөч”   гэж хэлэхэд  ч зарим нь загнаж, нөгөө хэсэг эрх мэдэл олгож байхад томорлоо, битгий том дуугараад бай зэргээр хүүхэд шиг зэмлэв.  УИХ-ын гишүүд яг л гэрийн даалгавраа хийгээгүй сурагчийг зандарч байгаа аятай авирлаж, өөрсдийгөө хэн бүхнээс илүү мэтээр дүгнэж, хэрэгтэй, хэрэггүй баахан үг чулуудсан юм.

Өөрөөр хэлбэл, түүнийг  ажлаа хийснийхээ төлөө, хуулиа хэрэгжүүлсний төлөө, шударга байсны төлөө  зэмлэж, олонхоороо сүрдүүлэв. Гэхдээ тэр иймэрхүү сүрдүүлэгт автаж, мөн чанараасаа хазайсангүй. Тиймээс М.Энх-Амгалан прокурор та шударга зарчмыг баримталдаг шигээ өөрийнхөө орлогч Б.Амгаланбаатарыг өргөсөн тангарагт нь үнэнч байлгаж, төрийн мөнгөнд гар дүрсэн асуудлыг нь анхааралдаа авч ажиллаарай. Шударга ёсыг дэргэдээсээ  эхлүүлээрэй.