ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Улайдаггүй” Ч.Улаан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-13

“Улсын төсвийг Ч.Улаан улайлгаж, П.Цагаан цайруулдаг” хэмээн бидний ахмад үеийн сэтгүүлчид хэлэлцдэг байв. Тэгвэл Ардын намыг туйлдсан байх үед нь хаяж гарчихаад, харин мандсан үед нь эргээд ирсэн Ч.Улаанаас өөр сайд хийх хүн 160 мянган гишүүнтэй МАН-д олдоогүй бололтой. Тодруулбал, өчигдөр бүтэн өдөржин хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ХХААХҮ-ийн дараагийн сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Ч.Улааныг дэмжжээ. Сангийн сайдаар гурав, Шадар сайдаар нэг удаа ажилласан энэ улстөрчид монгол төр өртэй биш л байлтай. Тэр нам хоёр хуваагдсаны дараа МАХН руу очиж албан тушаал авч байсан. Намаа хамгийн хүнд цаг үед орхиж Н.Энхбаярын хаяаг түшиж Сангийн сайдын албан тушаалд дахин очиж байлаа.

Харин Н.Энхбаярын хувь заяа өргөст торны цаана байх үед энэ хүн орхиод явсан МАН-даа эргэн ирж, өдгөө хөдөө аж ахуйн салбарын бодлогыг атгах гэж байна. Хувь заяаны шоглоом уу, эсвэл МАН, МАХН хоёр хоёулаа Ч.Улаан гишүүнд төлж барамгүй өртэй юм уу. Тэрбээр өчигдөр тун ч хурднаар сэтгүүлчдээс зугтсан ч хэвлэлийнхэн түүнээс үг унагаж чадсан юм. “Эцсийн шийдвэр гараагүй байна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн ч эцэст нь тэр албан тушаалд ямархуу дуртай, эрх мэдлийн төлөө хэрхэн зүтгэдэг вэ гэдгээ харуулав. Энэ бол намын даалгавар биш ээ, Ч.Улаан гишүүн ээ. Таныг эрх мэдэлд ямар дуртайг харуулчихлаа. Нэг өглөө босоод өөр зүйл ярьдаг, маргааш нь тэр үгнээсээ тэр өөр зүйл ярьдаг улстөрчийн үнэн төрхийг илчилчихлээ. Улсын төсвийг улайлгаж явсан шиг ээ, улс орны минь хөдөө аж ахуйн салбарыг битгий л улайлгаарай. Ганц гуйх зүйл л тэр байна. Хөдөө аж ахуйн салбарыг хөл дээр нь босгох олон ч чадвартай улстөрч МАН-д бий ч У.Хүрэлсүх хурандаагийн шийдвэр олон хүнд эргэлзээ төрүүлж байна. Хамгийн богино хугацаанд сайд хийсэн улстөрч болчих вий дээ.